Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөмж

ikon.mn
2020 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тусгай хэрэгцээт боловсролын теле хичээлийн агуулгыг хүүхдэдээ эзэмшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчид өөрсдийн өдөр тутмын ажлаа зохицуулж, хүүхдэдээ аль болох их цагийг зориулах шаардлага үүсэж байна.

Хөгжлийн онцлог, ялгаатай хэрэгцээтэй хүүхэд нь хичээлийн даалгавар хийхээс илүүтэй тоглох сонирхолтой, өдөр тутмын зан байдлаа хянах, нэг зүйл дээр анхаарлаа удаан хугацаагаар төвлөрүүлэхэд хүндрэлтэй байдаг. Ийм хүүхэд шинэ нөхцөл байдалд дасан зохицоход тодорхой хугацаа, дадал шаардлагатай. Иймд гэрээр бие даан хичээл хийхэд бэлэн биш, асран хамгаалагчийн тусламж, дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.

Теле хичээлийн сургалтын үйл ажиллагааг гэрээр амжилттай хэрэгжүүлэхийн тулд эцэг эх, асран хамгаалагчид өглөө бүр хүүхдийнхээ  тухайн өдөр хийх дуртай зүйлсийн жагсаалтыг гарган, амралт, чөлөөт цагийг зөв тодорхойлж, теле хичээлийг зурагтаар болон цахимаар үзэх хуваарь, хичээлээ тэмдэглэх, ойлгох, даалгавар хийх цаг хугацааг тогтоосон дэглэм, хуваарийг хүүхэдтэйгээ харилцан ярилцаж зохиох нь үр дүнтэй байна. Мөн хүүхдэд хэн туслах (насанд хүрэгчид, эцэг, эх, асран хамгаалагч, ах, эгч, эмээ, өвөө гэх мэт), хэн түүнийг хянах (хүүхэд өөрөө, багш, гэр бүлийн гишүүд) талаар хүүхдэд тодорхой хэлж ойлгуулан, хуваарьтаа тусгах хэрэгтэй.

Эцэг эх, асран хамгаалагчийн тусламж нь хүүхдийн сэтгэлийн түгшүүр, зовнилыг багасгаж, тайвшруулна.

Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн анхаарал  төвлөрөлт харьцангуй сул байдаг онцлогтой тул бусдын дэмжлэг, тусламжгүйгээр анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй байдаг. Иймээс хүүхдийн анхаарлыг үр дүнтэй төвлөрүүлэхийн тулд хичээл хийх гэр орны нөхцөл байдал, хичээлийн бэлтгэл хангалт, хувийн зохион байгуулалт маш их нөлөөтэй.

Хичээл хийж буй ширээ нь хана талдаа, эсвэл цонх нь  хөшгөөр хаагдсан, байгалийн болон өрөөний гэрэлтүүлэг сайтай, хүүхдийн харааны талбарт ямар нэгэн анхаарлыг сарниулах олон өнгийн эд зүйл байлгахгүй байх шаардлагатай. Тухайлбал, төрөл бүрийн тоглоом, зураг, сэтгүүл, телевизор, хоол, ундны зүйлс гэх мэт. Хүүхдийн хичээл хийх ширээн дээр зөвхөн хичээл хийхэд шаардлагатай дэвтэр, сурах бичиг, үзэг, харандаа, өнгийн харандаа, шугам, зургийн дэвтэр зэрэг хичээлийн хэрэгслийг бэлтгэсэн байна. Үзэг харандааны савыг байрлуулах шаардлагагүй.

Хичээлийн цаг нь хүүхдийг их ядраасан урт биш, богино хугацаанд үр дүнтэй байхаар төлөвлөгдсөн байна. Хүүхдийн цагийг хянахад элсэн цаг ашиглах нь тохиромжтой.

Теле хичээлийг оновчтой зохион байгуулах, хүүхдэд хичээлийн агуулгыг ойлгуулж, эзэмшүүлэхэд сэдэлжүүлэлт маш чухал. Хийх гэж байгаа хичээлдээ хүүхэд дурлах нь хичээлээ үр дүнтэй хийж, ойлгох, мэдлэгээ хэрэглээ болгож ашиглахад ихээхэн үр дүнтэй байна. Хүүхдүүд компьютер дээр даалгавраа хийх дуртай байдаг тул аман болон бичгийн хичээл хийсний дараа даалгавраа компьютер дээр үргэлжлүүлэн хийхийг санал болгож болно.

Багш нь сонирхолтой тоглоомын аргаар хүүхдийн хичээлд оролцох идэвхийг сэргээж, сонирхол татахуйц  сэдэвтэй даалгавар сонгох хэрэгтэй.

Хүүхдийн танин мэдэх үйл ажиллагаанд  ямар шинж илэрч байгаагаас шалтгаалж хичээлийн ачааллыг тааруулах, хичээлийн хуваарь, хичээл зохион байгуулалтыг тухайн хүүхдийн насны болон хөгжлийн онцлогт тохируулан өөрчилж ажиллана. Төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны, органик алдагдал, ядаргаа, сульдаа эсвэл бие махбодод гарсан өөрчлөлт нь хүүхдийг амархан ядраадаг байж болно. Иймээс хичээллэх үед тодорхой хугацаагаар алжаал, ядаргаа тайлах хөнгөн дасгал хөдөлгөөн хийлгэн амраах нь үр дүнтэй байна.

Хүүхдэд теле хичээлийг заахдаа хэл яриа, анхаарал, ой тогтоолт, сэтгэхүй болон бусад танин мэдэхүйн үйлийг дэмжсэн дасгал, даалгаврыг багш, сэтгэл зүйчтэй хамтарч бэлтгэн нэмэлтээр хийлгүүлэх хэрэгтэй.

Теле хичээлийн үед хүүхдийн сэтгэл санаанд дэмжлэг үзүүлэх нь сайн үр дүнтэй байна. Хүүхдийн хөгжлийг дэмжих, гэрийн даалгаврыг хийлгэхдээ хүүхдээс бүх зүйлийг бүрэн бие дааж хийхийг шаардахгүй байх, аливаа оролцоо, санаачилгыг дэмжих, хичээлээ ойлгохгүй бол аль болох ойлгомжтой, хүлээцтэй тайлбарлах, насанд хүрэгчдээс юм асуух хүсэл төрөх хүртэл дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй.   

Хүүхдийг гэрийн нөхцөлд эцэг эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор хүүхэд төвтэй  хичээлийг зөв, оновчтой зохион байгуулснаар  теле хичээлийн зорилгыг биелүүлж, дараах үр дүнд хүрнэ:

  • Хичээлийн агуулгыг хүүхдийн хөгжлийн онцлог, хэрэгцээг харгалзан эзэмшүүлэх боломж бүрдэнэ;
  • Хараа, хөдөлгөөний тэнцвэрт байдал, анхаарлын тогтворжилт, ой тогтоолт, сэтгэхүйн хөгжил сайжирна;
  • Хүүхэд орчин үеийн технологи ашиглах чадвартай болно;
  • Сонголттой, ганцаарчилсан сургалтаар хангагдана;
  • Хүүхдийн хичээл хийх идэвх сонирхол нэмэгдэнэ;
  • Эцэг эх, асран хамгаалагч, багш нартайгаа ойр дотно харилцаатай болж, тэднийг ойлгож, хүндэлнэ.

 


Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам