Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн санхүүжилтийг хянах үүргийг Төрийн аудитын байгууллагын чиг үүргээс хасахыг эсэргүүцлээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

“Шилэн нам" авлигын эсрэг түншлэлээс Төрийн аудитын тухай хуулийн төсөлд сонгуулийн санхүүжилтийг хянах төрийн аудитын байгууллагын чиг үүргийг хасахаар тусгасныг эсэргүүцэн шаардлага хүргүүлж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, УИХ-д өргөн баригдаад, хэлэлцэгдэж буй Төрийн аудитын тухай хуулийн үзэл баримтлалаас сонгуулийн санхүүжилтийг хасах буюу Төрийн аудитын байгууллагын чиг үүргээс сонгуулийн санхүүжилтийн хянах хяналтын чиг үүргийг хасаж байгааг эсэргүүцэн УИХ, УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байгаа аж. 

Шаардлагыг гаргах болсон шалтгааны хувьд:

  1. Төрт улсын язгуур эрх ашгийг манах нь төрийн хяналтын байгууллагын үүрэг мөн.
  2. Төрийн аудитын чиг үүргийг зөвхөн  төрийн санхүүжилт, төсвийн хяналтаар хязгаарлаж, Лимагийн тунхгийн үзэл санааг зөрчиж, өнөөгийн хүрсэн түвшнээс ухарч байна.
  3. Улс төрийн санхүүжилтэд цогц хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.
  4. Улс төрийн санхүүжилтийг хянаж чадвал авлигыг бууруулж чадна.
  5.  Сонгуулийн санхүүжилтийг хянах төрийн хяналтыг сонгуулийн жил алдагдуулж байгааг буруушааж байна.
  6. Төрийн аудитын байгууллагын хараат бус байдал хангагдаагүй байна хэмээн үзжээ. 
"Сонгуулийн санхүүжилтийг Үндэсний аудитын газрын чиг үүрэгт хэвээр хадгалахыг шаардаж байна"
 
гэрэл зургийг MPA.mn

“Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн санаачлагч, зохицуулагч Ч.Сосормаа "2020 онд УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль зохион байгуулагдах тул сонгуулийн хариуцлагатай жил. Ийм хариуцлагатай жилд сонгуулийн санхүүжилтийг хянах, нам эвслийн мөрийн хөтөлбөрт холбогдох хуулийн дагуу нийцлийн аудит, эдийн засгийн үндэслэл хийх гол үүргийг Төрийн аудитын байгууллагын чиг үүргээс хасаж байгаа явдалд туйлын харамсаж, эсэргүүцэж байна.

Ингэж хасах нь сонгуулийн жилд мөнгө тараах, бохир мөнгө угаах, сонгуулийн авлигыг нэмэгдүүлэх зэрэг эрсдэлтэй нөхцөлүүдийг бий болгоно. Мөн сонгуулийн санхүүжүүлэлтийг хянах төрийн хяналтыг алдагдуулж буй хэрэг.

Сонгууль бол төр засгаа эмхлэн байгуулж, төрөө удирдах ард түмний язгуур эрхийг хангахын төлөөх төрийн үйл ажиллагаа. Дэлхийн 28 оронд Төрийн аудитын байгууллага нь сонгуулийн санхүүжилтийг хянадаг.  Иймд нэг талаар олон улсын жишгийг хангаж, нөгөө талаар өмнөх алдаа, оноондоо тулгуурлан сонгуулийн санхүүжилтийг Үндэсний аудитын газрын чиг үүрэгт хэвээр хадгалахыг шаардаж байна.

Түүнчлэн Үндэсний аудитын газрын хараат бус байдал хангагдаагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, ерөнхий аудиторыг УИХ-ын дарга нэр дэвшүүлэн УИХ-аар батлуулна гэх заалт хэвээр орж ирсэн нь томилгооны хараат бус байдлыг алдагдуулж байгаа тул өөрчлөхийг бид шаардаж байна" гэв. 

"Сонгуульд өрсөлдөхөөр нэрээ өгсөн 27 намын тайлан аудитын байгууллагад оччихсон байхад  яагаад одоог хүртэл ил тод болохгүй байгаа юм бэ"
 
гэрэл зургийг MPA.mn

МУБИС-ийн багш, Улс төр судлаач, Доктор Э.Гэрэлт-Од "Улс төрийн нам бол сонгуульд оролцдог цорын ганц субъект. Намын санхүүжилт, ялангуяа сонгуулийн өмнөх санхүүжилт яагаад ил тод байх ёстойг бид олон жил ярьж байгаа ч ахиц гараагүй. Бусад улс орнуудын сайн туршлагуудыг авч хэрэглэх гээд оролдож байгаа ч энэ алхмаасаа ухрах гэж буй явдалд харамсаж, энэхүү шаардлагыг хүргүүлэхэд оролцож байгаа юм.

2007 онд түүхэнд нэг удаа Үндэсний аудитын газар улс төрийн намуудад аудитын тайлан хийсэн байдаг. Харамсалтай нь уг тайлангаас гарсан шаардлагыг өнөөдрийг хүртэл улс төрийн намууд хангаагүй.

Дээр нь Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд санхүүгийнхээ үйл ажиллагаанд аудит хийгээд олон нийтэд ил тод болгох ёстой үүрэг ерөөсөө хэрэгжиж байгаагүй. Одоо сонгууль дөхсөнтэй холбоотойгоор нэг, хоёр нам хэвлэлээр намынхаа тайланг гаргаж эхэлж байгаа байх.  

Өөрөөр хэлбэл, намуудын санхүүгийн үйл ажиллагаа ил тод бус байгаа нь ирээдүйд баялаг хуваарилах  хүмүүст итгэж болох уу гэх асуултыг төрүүлнэ. Би хувьдаа хэзээ ч үүнийг зөвшөөрөхгүй. Бодит байдал дээр Монголд хамгийн хариуцлагагүй, хууль хэрэгжүүлдэггүй цорын ганц институт нь улс төрийн нам болчихсон.  Өнөөдөр Монгол Улсад 36 улс төрийн нам байдгаас 27 нь сонгуульд өрсөлдөхөөр нэрээ өгчхөөд байна.

Одоогийн Аудитын тухай хуулиар улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө аудитын үнэлгээ хийлгэж байгаа ба үүнийгээ улс төрийн маргаанд татан оролцуулж байна гэх үндэслэлээр хуулиас хасах гэж байгаа. Мөн одоогийн Аудитын тухай хуулиар улс төрийн намууд өнгөрсөн жилийн хандив, болон санхүүгийн тайланг аудитын байгууллагад хүргүүлсэн. Энэ мэдээлэл өнөөдрийг хүртэл ил тод биш байна. Эдгээр 27 намын тайлан аудитын байгууллагад оччихсон байхад яагаад одоог хүртэл ил тод болохгүй байгаа юм. Бид асуудлыг дандаа ороогдсон, ил тод бус, тухайн үеийн хуулийн шаардлагыг хангах гэж буй мэтээр ярьж, шийдэж ирсэн.

Энэ удаа намууд гурван хэлбэрээ санхүүжилтийн зардлаа бүрдүүлнэ.

  1. Хандив
  2. Намын өөрийн хөрөнгөөр
  3. Нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөр

Намын өөрийн хөрөнгө гэдэг нь юу вэ гэдгийг илрүүлж, олон нийтэд аудитын байгууллага ил тод болгох ёстой. Нэр дэвшигчийн хөрөнгө гэж юу вэ гэдгийг хуулиар тодорхойлсон нэг ч заалт байхгүй. Дайны хажуугаар дажин гэгчээр аудитын байгууллага нь энэ чиг үүргээсээ татгалзах саналаа өгөөд явж байгаад гайхаж, харамсаж байна" гэлээ. 

"Ард иргэдийн дунд хийсэн судалгаагаар авлигал хамгийн их тархсан байгууллагуудын хоёрдугаарт улс төрийн намууд жагссан хэвээр"
 
гэрэл зургийг MPA.mn

"Tранспэрэнси Интернэйшнл" байгууллагын удирдах зөвлөлийн дарга Л.Төр-Од "Тус байгууллагаас жил болгон Авлигын төсөөллийн индексийг дэлхийн улс орон бүрээр гаргадаг.

Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс

  • 2015 онд 39 оноотой 72-р байранд
  • 2016 онд 38 оноотой 87 дугаар байр
  • 2017 онд 36 оноотой 103 дугаар байр
  • 2018 онд 37 оноотой 93 дугаар байранд тус тус эрэмбэлэгдэж, жил ирэх тусам оноо нь хасагдаж байна.

Бусад улс орнуудтай харьцуулах эрэмбийн хувьд 15 орноор доошилсон. Үүний нэг шалтгаан нь улсын төсөв, төрийн санхүүгийн ил тод бус, зарцуулалтын хяналтгүй байдал нь эргээд улс төрийн санхүүжилтийн нээлттэй бус байдал, авлигын эрсдэлтэй шууд холбоотой гэж тогтоогдсон.

Ард иргэдийн дунд хийсэн судалгаагаар авлигал хамгийн их тархсан байгууллагуудын хоёрдугаарт улс төрийн намууд жагссан хэвээр.

2016 оны арваннэгдүгээр сарын 03-нд төрийн бодлогын хэмжээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийн 2.1 хэсэгт  улс төрийн санхүүжилтийг олон нийтэд ил тод болгох, намын санхүүжилтэд тавих хяналтын тогтолцоог сайжруулах гэж заасан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манлайлагч нь ерөнхийлөгч өөрөө, институтийн орчин бүрдүүлэх чиг үүргийг нь УИХ өөрөө хүлээж авсан. Энэ чиг үүргийг одоо хэлэлцэж буй хуульд хасаж оруулж буй нь харамсалтай хэрэг" хэмээв. 

"Шилэн нам" авлигын эсрэг түншлэлийг Захиргааны шинэ санаачилга, Хүртээмжтэй хөгжил хүрээлэн, Хууль судлал ба хөгжил төв, Транспэрэнси интэрнэшнл-Монгол, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан,  Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо, Иргэний шийдэл ТББ хамтран байгуулжээ.