Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын дэд ерөнхийлөгч эмнэлэгт зочлохдоо амны хаалт зүүхээс татгалзжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын засаг захиргаа иргэдэдээ амны хаалт зүүхийг зөвлөж байгаа ч ерөнхийлөгч Дональд Трамп хувьдаа үүнийг эрс эсэргүүцдэг.

Тэгвэл дэд ерөнхийлөгч Майк Пэнс мөн амны хаалт зүүхгүй байгаагаа өчигдөр болсон үйл явдлын үеэр харуулжээ.

Мягмар гарагт тэрээр Миннесота мужийн Рочестер дахь Мэйо эмнэлгийн төв байранд зочлохдоо эмнэлгийн дотоод журмыг зөрчиж, ганцаараа амны хаалт зүүгээгүй байна.

Эмнэлгийн захиргаа амны хаалт заавал зүүх ёстойг Майк Пэнсийг ирэхээс өмнө түүний дагалдагчдад анхааруулж байснаа твиттер хуудсандаа мэдэгдсэн ч дараа нь устгажээ.

Орой нь NBC сувагт ярилцлага өгөхдөө АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс эмнэлэгт зочлохдоо яагаад амны хаалт зүүгээгүйгээ тайлбарласан байна.

“АНУ-ын дэд ерөнхийлөгчийн хувьд би тогтмол коронавирусийн шинжилгээ өгч байгаа. Миний ойр ажилладаг хүмүүс ч бас байнга шинжлүүлдэг. Нэгэнт би коронавирусийн халдваргүй тул эмнэлгийн ажилтнуудтай нүүрээ нуулгүй ярилцаж, талархлаа илэрхийлье гэж бодсон юм” гэж тэр ярьжээ.

Майк Пэнс нь Цагаан ордны коронавирусийн цар тахалтай тэмцэх түр хороог ахалж байгаа. Тэрээр дөрөвдүгээр сарын 18-нд Агаарын Цэргийн Академийн төгсөлтийн баярт, дараа нь 21-нд General Electric компанийн амьсгалын аппаратын үйлдвэрлэлтэй танилцахаар зочлохдоо мөн амны хаалт зүүхээс татгалзаж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider