Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвараар амиа алдсан Америкчуудын тоо Вьетнамын дайны хохирлыг давлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт коронавирусийн халдвараар нас барсан АНУ-ын иргэдийн тоо Вьетнамын дайны хохирлын хэмжээг давсан байна.

Өчигдрийн байдлаар 58,220 хүн АНУ-д Covid-19 өвчнөөр нас барсан бол Вьетнамын дайнд 58,209 америк цэрэг амь үрэгдэж байжээ.

Мягмар гарагт бас АНУ-ын батлагдсан халдварын тоо нэг саяын босгыг давсан юм.

Тус улсын коронавирусийн халдварын тоо 18 хоногийн дотор хоёр дахин нэмэгдэж, дэлхий даяар бүртгэгдсэн нийт тохиолдлын гуравны нэгийг эзэлжээ.

Эдгээрийн 30 орчим хувь тахлын төв Нью Йорк мужид оногдож байна. Хамгийн олон халдвар бүртгэгдсэн дэлхийн 20 орны дотроос хүн амын тоотой нь харьцуулсан үзүүлэлтээр АНУ тавдугаарт бичигдэж байгаа юм.

Испани улс 10,000 хүн тутамд 48 тохиолдолтой тэргүүлж, араас нь Бельги, Швейцарь, Итали удаалж байгаа бол АНУ 30 тохиолдолтой эдгээр улсуудын дараа бичигдэж байна.

Түүхээс харвал 1967 онд дэгдсэн ханиад томууны үеэр 100,000 орчим америк хүн нас барж байсан бол 1918 оны Испани ханиадны тахлын үеэр 675,000 хүн амиа алдаж байжээ.

Хамгийн сүүлд 2017-2018 оны улирлын ханиад томуугаар АНУ-д 61,000 хүн нас барсан нь одоогоор коронавирусийн эндэгдлийн тооноос өндөр үзүүлэлт юм.

Мягмар гарагт ОХУ-д бүртгэгдсэн халдварын тоо (93,558) Иран улсын тооноос (92,584) илүү гарснаар дэлхийд найм дугаарт бичигдэх болжээ.

Өмнөх өдөр нь тус улсын халдварын тоо Хятад улсын тооноос даваад байсан юм.

Өчигдөр бас Бразил улсад Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо 5,000-ыг давснаар Хятад улсын эндэгдлийн тооноос илүү гарсан байна.

Ингээд коронавирусийн батлагдсан халдварын хамгийн олон тохиолдолтой дэлхийн 10 улсын тоо баримтыг сүүлийн байдлаар харуулж байна.

 

Улсууд

Халдварын тохиолдол

Эндэгдэл

Харьцаа

1

АНУ

1,004,908

58,220

6%

2

Испани

232,128

23,822

10%

3

Итали

201,505

27,359

14%

4

Франц

166,036

23,327

14%

5

Герман

159,038

6,161

4%

6

Их Британи

158,353

21,158

13%

7

Турк

114,653

2,992

3%

8

Орос

93,558

867

1%

9

Иран

92,584

5,877

6%

10

Хятад

83,833

4,633

6%

Эх сурвалж: Reuters, AFP