Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үетэй хөл нийлүүлэн алхахыг хүссэн учраас IT-гийн салбарыг сонгосон"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 4 сарын 29
iKon.MN
 

Аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үе болох өнөөдөр Value= Intelligence x Capital буюу (ур ухаан+хөрөнгө)-ийг хослуулан үнэ цэнийг бүтээж байна. Ингэснээр хүн л зөвхөн ажил хийдэг гэх уламжлалт ойлголтыг халж, сервер, роботуудыг ажиллуулан ажлын бүтээмжээ сайжруулж буй компаниуд дэлхийд олширч эхэлсэн.  

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай "Nest" ахлах сургуулиас 20 сая төгрөгийн шагналын сантай "Hackateen" програмчлалын улсын олимпиадыг зохион байгуулж байгаа билээ.  Тус програмчлалын улсын хэмжээний олимпиадын гуравдугаар шатны урьдчилсан шалгаруулалт 2020 оны дөрөвдүгээр сарын 28-нд амжилттай болж өндөрлөсөн. Нийт 21 аймаг, нийслэлээс 750 гаруй сурагчид оролцож, өөрсдийн мэдлэгээ сорьжээ. 

Ийнхүү шат шатны шалгаруулалтад оролцож буй хүүхдүүдийн мэдээллийн технологийн салбарын талаарх ойлголт, ирээдүйг төсөөлж буй төсөөлөлтэй нь танилцахаар хоёрдугаар шатанд амжилттай оролцсон “Нэст” ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Л.Анужин, Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Чингүүн, Завхан аймгийн Нэгдүгээр арван жилийн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч И.Бумчин нарыг төлөөлөл болгон Google Hangouts-аар ярилцсанаа хүргэж байна. 

Сурагчдын шагналын товч танилцуулгаас:

Завхан аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч И.Бумчин: 2017 онд олон улсын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 2017 онд олон улсын таеквондогийн цэцэн шонхор клубийн нэрэмжит анхдугаар баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр алт, нэг хүрэл медаль, 2019 онд олон улсын таеквондогийн "Zawkhan taekwon-do Open Tournament 2019" тэмцээнд нэг алт, нэг мөнгөн медальт

“Нэст” ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Л.Анужин: 2017 онд Нийслэлийн түүхийн олимпиадад алтан медаль, 2018 онд СБД -ийн уран илтгэлийн тэмцээнд хүрэл медальт

Нийслэлийн нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Чингүүн: Улсын математикийн олимпиад хоёр мөнгө (2017, 2018), Улсын мэдээлэл зүйн  олимпиад тусгай байр (2019), Хотын математикийн олимпиад хоёр мөнгө, хоёр хүрэл (2014, 2015, 2017, 2019) Хотын физикийн олимпиад мөнгөн медаль (2018), Жаутыковын олон улсын математикийн олимпиад мөнгөн медальт (2020)

Attachments area

- Сайн байцгаана уу. Зайнаас хичээллэж буй цаг энэ үеийг хэрхэн суралцаж өнгөрөөж байгаа талаар бүгдээрээ ярилцлагаа эхлүүлье?

 
“Нэст” ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Л.Анужин:

Л.Анужин: Карантин эхлэхэд эхэндээ сэтгэл санаа амар, тэгж байгаад болно байх, теле хичээл ямар хамаатай юм, ийм цаг олдохгүй гээд идээд, унтаад байлаа. Гэхдээ хэсэг хугацааны дараа хэцүү болж, би чинь энэ жил төгсөх анги шүү дээ гээд үнэндээ сарын өмнөөс хичээлээ хийж эхэлсэн юм. Хажууд “чи үүнийг ингэж хийх ёстой” гээд чиглүүлэх хэн нэгэн байхгүй үед цагийн хуваарилалт гаргаад явбал хамаагүй үр дүнтэй санагдсан. Эхэндээ дасахгүй байсан ч одоо аргаа олоод хичээлээ хэвийн үе шигээ хийгээд явж байна. Багшийн удирдлага байхгүй болохоор нэг зүйлийг нарийн сурах гэхээр мэдлэг, мэдээлэл нь хангалттай байгаа боловч хэтэрхий замбараагүй, нэг системд оруулахад хүндрэлтэй юм байна лээ. 

Д.Чингүүн: Би ч мөн адил эхэндээ юм хийхгүй, идэвхгүй удаан хугацааг өнгөрөөсөн. Анхнаасаа л гэр бол амардаг газар гээд тархиндаа суулгачихсан нь тэр байх. Олимпиад, хичээлээ тарж ирээд гэртээ амрах ёстой гэж боддог. Энэ бодлоос болоод гэртээ хичээлээ хийхэд идэвхтэй сууж чадахгүй байгаа нь сул тал болсон ч одоо бол харьцангуй дасчихлаа. Дээрээс нь төгсөх анги учраас саяхнаас шалгалт өгөх хичээлүүддээ анхааран ЭЕШ-даа түлхүү бэлдэж эхэлсэн. Багш нарын зүгээс ч нэмэлт даалгавар өгдөг.

И.Бумчин: Хүн өөрөө л хичээвэл ямар ч нөхцөлд сайн суралцаж болно.

И.Бумчин:  Миний хувьд нэгдүгээр сард амарснаас хойш бараг юм хийхгүй явж байгаад гуравдугаар сараас давтлагад явж эхэлсэн. Гэртээ өөрийгөө шахаад, дээрээс нь дараа жил төгсөх учраас энэ жилээс эхлэн ЭЕШ-даа бэлдэж байгаа. Сул тал нь мэдэхгүй зүйл гараад багш нараасаа асуухаар завгүй үед нь ярьж таараад сайн асууж чадахгүй байгаа нь л бага зэрэг асуудал. Бусдаар бол зүгээр. Хүн өөрөө л хичээвэл ямар ч нөхцөлд сайн суралцаж болно.

- Та нараас хоёр нь энэ жил төгсөх юм байна. Энэ жилийн төгсөгчдийн хувьд их онцлог жил болж байна. Та бүхэн сая бас ЭЕШ-даа бэлдэж байгаа гэлээ. Хэрхэн бэлдэж байгаагаа товч ярихгүй юу?

Д.Чингүүн: Тийм ээ. Миний хувьд ЭЕШ-даа анхаарч бэлдэхэд багш нар маань онлайнаар их туслалцаа үзүүлж байгаа. Тухайлбал, Google Classroom дээр өмнөх жилүүдийн ЭЕШ-ын материалуудыг оруулаад, шалгадаг. Мөн математикийн хичээлээр орой бүр 20:00 цагт биднээс тест авдаг тул тогтмол тестээ ажиллаад суудаг. Энэ жил ерөнхийдөө хичээл хангалтгүй орсон болохоор шалгалтын хувьд ч гэсэн агуулга нь хальсан зүйл оруулахгүй байх. Би математик, физик, англи хэлний хичээлээр шалгалтаа өгнө.  

Л.Анужин: Энэ жилийн төгсөгчид туршилтын маягаар л төгсөх гэж байх шиг байна. Зургадугаар ангид ороход боловсролын системд өөрчлөлт ороод туршигдаж байлаа. Гэтэл одоо анхны COVID-19-ийн үеийн төгсөгчид боллоо. Надад ЭЕШ-даа бэлдэхэд цагийн уян хатан байдал тохирохгүй гэдгийг мэдсэн. Иймд өглөөнөөс орой хүртэлх цагаа хуваарилаад ЭЕШ-даа бэлдэхэд түлхүү анхаарч байгаа.  Математик, англи хэл, физик, нийгэм гэх дөрвөн хичээлээр шалгалт өгнө. Одоогийн байдлаар 2-3 дээр нь түлхүү төвлөрч хийж байна.

Хүн бүрийн тархи өөр тул би хэдээс хэдэн цагийн хооронд үр бүтээлтэй байдаг, анхаарлаа төвлөрүүлж чаддагаа мэдсэний үндсэн дээр өөртөө тохирсон цагийн хуваарийг гаргасан. Түүнийхээ дагуу хичээллэж байна. ЭЕШ нь ерөнхий боловсролын агуулгаас орж ирдэг учраас econtent.edu.mn хаягийг их ашигладаг. Дээрээс нь манай сургуулиас багшийн туслах апп-г төгсөх ангийн хүүхдүүддээ өгсөн. Мөн багш нар ZOOM апп-аар холбогдоод ЭЕШ-д бэлдэхэд тусалж байгаа. Өөрөө хичээвэл гайгүй байх.

- Орон нутгаас онлайн хичээлээ үзэхэд асуудал гарч байна уу. Хүүхдүүд зайнаас хичээллэхдээ хэр байгаа талаар Бумчин маань хуваалцаач?

И.Бумчин: Интернетийн асуудал харьцангуй гайгүй. Айл болгон интернеттэй байх шиг санагддаг. Сургалтын арга барилын хувьд багш нар маань ч мөн адил математик, англи хэл дээр өдөр болгон сорил авдаг. Тэр сорилуудын дүнгээр төгсөх улирлын дүнг гаргана гэсэн. Өглөөнөөс эхлээд ээлж ээлжээр дөрвөөс таван сорил өгч байна.

- Hackateen програмчлалын олимпиадад оролцох болсон тухайгаа яриач. Сая хоёрдугаар шатны шалгаруулалт явагдаж та бүхэн амжилттай оролцсон байсан?

Л.Анужин: Зохион байгуулагч нь манай сургууль тул бүх хүүхдүүдэд албан болон албан бус байдлаар өөрсдийгөө сориод үзэхийг санал болгосон. Би өөрөө ч орох хүсэлтэй байсан.  

Д.Чингүүн: Би есдүгээр ангиасаа код бичиж эхэлсэн. Энэ чиглэлд илүү сонирхолтой болохоор өөрийгөө сориод үзье гэж бодоод олимпиадад оролцсон.

И.Бумчин: Шинээр шилжиж орсон ангийн маань найз Hackateen програмчлалын олимпиад болох гэж байгааг дуулгасан юм. Тэгээд өөрийгөө ер нь сориод үзье гээд орсон. 

- Олимпиадад оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Өрсөлдөгчид нь чанга байв уу. Бодлого нь хүнд байсан уу?

 
Завхан аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч И.Бумчин

И.Бумчин: Би өөрийгөө муу байна гэж дүгнэсэн. Бодлогууд нь хүнд байлаа. Нийт таван бодлого ирсэн ба нэг бодлогоос нь тав, таван оноо л авч чадсан. Онооны жагсаалтыг харахад есдүгээр ангиас сайн орсон хүүхэд их харагдаж байна лээ.

Д.Чингүүн: Би хичээллээд хэдэн жил болж байгаа болохоор хоёрдугаар шатанд орсон хүүхдүүдээс илүү туршлагатай байсан тулдаа гайгүй санагдсан. Олимпиадад оролцож байхад нэг анзаарагдсан зүйл нь хүүхдүүд мэдээллийн технологиор их хичээллэдэг болсон явдал. Намайг есдүгээр ангид хичээллэж эхлэхэд тийм ч их хүүхэд байхгүй, байгаа хэд нь биенийгээ таньдаг байв. 

Л.Анужин: Би програмчлалын хэлийг Нэст ахлах сургуульд ороод буюу  2019 оны есдүгээр сараас 12 сар хүртэлх хугацаанд суралцсан. Үргэлжлүүлэн багш нарын зөвлөсөн тусгай программуудаар суралцдаг. Энэ хугацаанд олж авсан мэдлэгээрээ л олимпиаддаа орсон. Хамт орсон хүүхдүүдээ бодвол туршлага бага байлаа.

- Ингэж оролцоод өөрийгөө сорьж үзсэн нь л маш том туршлага болсон байх. Зарим хүмүүсийн хувьд IT-гаар хичээллэдэг хүмүүс их онцгой, гоц гойд мэт санагддаг ойлголт хаанаас юм суучихсан байдаг. Та бүхний бодол харин ямар байдаг бол?

Л.Анужин: Програмист хүн гэдэг залхуу бөгөөд маш сайн гүүглддэг хүнийг хэлнэ.

Л.Анужин: Миний тодорхойлолт инээдтэй сонсогдож магадгүй. Програмист хүн гэдэг залхуу бөгөөд маш сайн гүүглддэг хүнийг хэлнэ. “Ямар нэгэн хэцүү ажлыг бага өртгөөр хямдхан хийлгэхийн тулд залхуу хүмүүст их мөнгө өгөөд орхичих” хэмээн Бил Гейтсийн хэлсэн үг байдаг шүү дээ. Учир нь тэр хүмүүс өөрсдийгөө зовоохгүй байдлаар ямар нэгэн дөт замыг хурдан олж чаддаг явдал. Харин яагаад сайн гүүглддэг гэж байна гэхээр гүүглээс хайвал бүх юм гарч ирнэ. Бусад мэргэжлүүдтэй харьцуулахад бид технологитойгоо илүү ойрхон байдаг болохоор технологийн хүрээнд олон мэдээллийг олж аваад, ажиллаж чаддаг давуу талтай.  

Д.Чингүүн: Хүмүүс яг тэгж боддог. Код бичдэг гэвэл тархи нь арай өөрөөр ажилладаг гэдэг. Анх тэгж санагддаг нь үнэн. Дэлгэцэнд баахан тоо гарч ирээд, хэцүү асуултын хариуг тоо бичсэнээ гаргаж ирдэг. Гэхдээ үүнд хэцүү зүйл огт байхгүй. Сонирхож, дурлаад ерөнхий процессыг нь ойлгоод бодчихсон байхад цаашаагаа ухаад ойлгочихно. Дэлхий дээр маш олон програмистууд бий. Тэд нар биднээс үнэхээр онцгой мундагтаа код бичээд байгаа юм биш. Зүгээр л код бичихэд дурласан хүмүүс.

И.Бумчин: Анх харахад ойлгомжгүй баахан юм л харагддаг байсан. Тэгээд олимпиадад бэлдэж эхлээд ойлголт аваад, өөрөө оролддог чинь зүгээр хэцүү биш санагдсан. Гэхдээ манай аав, ээж хоёр ч сайн ойлгож өгдөггүй. Магадгүй хүмүүс автоматаар хэцүү гэсэн бодлыг өөртөө суулгачихдаг байх.

- Яагаад заавал мэдээллийн технологийн салбарыг сонгосон бэ. Энэ салбарт суралцаж өөрсдийгөө хөгжүүлж буй та бүхэнд юу тэгтлээ их нөлөөлсөн бол. Ер нь цаашдын мэргэжлээ нарийн сонгосон уу?

Л.Анужин: Бакалавраа мэдээллийн технологийн системийн инженер чиглэлээр хамгаална. Дараагаар нь хууль эрх зүй болоод эдийн засгийн чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй. Шалтгааны хувьд,

Нэгдүгээрт, системийн инженер мэргэжлийн 50 хувь нь програмчлал, 50 хувь нь гадагшаа харьцах байдлаар явагддаг онцлогтой учраас илүү таалагддаг. Өөрөөр хэлбэл софткилл нь хүнтэй болон нийгэмтэй харилцах чиглэлд нийгмийн ухааны талдаа их хөгжсөн. Энэ мэргэжлийг сонгосон шалтгаан нь нэгдүгээрт эхэнд цэгцтэй сэтгэх урлаг, асуудлын мөн чанарыг ухаж ойлгох, хэрэглээний хэмжээнд програм бичиж өөрийн ажлыг хөнгөвчлөх зэрэг нь нөлөөлсөн.

Хоёрдугаарт, Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал явагдаж байгаа энэ үед IT, програмчлал байхгүй салбар арчигдаж, сайн хөгжүүлсэн салбар нь амжилтад хүрч байгааг өнөөдөр дэлхий нийтээр харж, мэдэрч байна. Энэ бол миний  мэдээллийн технологийн салбарыг сонгосон. Өөрөөр хэлбэл, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүссэн учраас энэ салбарыг сонгосон.

Гуравдугаарт, ихэнх хүмүүс нэг л мэргэжил сонгоод түүгээрээ насан туршдаа амьдралаа авч явах ёстой гэсэн ойлголттой байдаг. Харин одоо бол эсрэгээрээ хүн хамгийн багадаа хоёр ба түүнээс дээш мэргэжилтэй болсноор хувьсан өөрчлөгдөж буй энэ нийгэмд үлдэнэ гэсэн үзэл баримтлалтай хүн.

 
Нийслэлийн нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Чингүүн

Д.Чингүүн: Зүгээр л дуртай бас таалагдсан. Би тав, зургаан настай байхаасаа эхлээд компюьтерээс салдаггүй хүүхэд байв. Анх есдүгээр ангид манай сургуулийн мэдээлэл зүйн багш код бичихийг ангийнханд санал болгоход, бичмээр байна гээд сурч эхэлсэн. Анх бичээд үзсэн чинь маш их таалагдаж, дурлаад үргэлжлүүлэн сурсаар явна.  Мэргэжлийн хувьд одоохондоо нарийн сонгоогүй. Гэхдээ IT-гийн чиглэлээр явах нь ойлгомжтой. Одоогоор бол миний хувьд кодыг бодлого бодоход ашигладаг.

И.Бумчин: Харин би програмист болох зорилго тавьсан. Миний хувьд мөн адил багаасаа л компьютерт сонирхолтой байсан ба тав, зургадугаар ангиасаа хойш нухдаг байлаа. Есдүгээр ангид орсон жил мэдээлэл зүйн багш аймгийн олимпиадад  бэлдэх хүүхэд хэрэгтэй байна гээд манай ангиас сонгож авсан юм. Жилийн хугацаанд бэлдсэн. Тэр цагаас хойш эрчимтэй бэлтгэл хийхгүй байж байгаад сая олимпиадад орохын өмнө дахиад сэргээсэн.

Гэсэн хэдий ч өөрөө сайн ч бэлдэж чадахгүй, энд сайн мэддэг байхгүй болохоор тийм ч сайн хийж чадахгүй л байна. Хаяа бодлого бодож юмнуудаа сэргээдэг. 

- Энэ салбарт хичээллэж эхлээд өөрсдийн чинь амьдралд гарсан үр дүн, өөрчлөлтөөс товч хуваалцаач?

Анужин: Аливаа зүйлийн гаргалгааг олж авахдаа илүү сайн болсон. Код бичихэд хамгийн дөт бөгөөд хурдан, зай бага эзлэх аргыг олох ёстой гэж заадаг. Мөн багтаамж бага байснаараа бүрдэх зардлыг багасгаж өгдөг. Тиймээс амьдрал дээр тулгарч байгаа бүх асуудалд энэ байдлаар ханддаг болсон. Дээрээс нь бодлогынхоо хариуг олохгүй болохоор нойр хүрдэггүй.

Д.Чингүүн: Мэдээлэл зүйгээр олимпиадад бэлдэхийн тулд олон алгоритмууд харах шаардлагатай. Тэрийгээ яаж гарсныг мэдэх гэж хүсэх тусам асуудлыг шийдэх чадварт маань нөлөөлдөг. Дээрээс нь илүү дуртай зүйлээ олсон. Математик, физикийг бодвол мэдээлэл зүй шууд үр дүнг нь гаргаж ирдэг гэдэг утгаар арай бодит юм шиг санагддаг. Би англи хэлэндээ сайн биш. Их дургүй. Гэхдээ мэдээлэл зүйгээр хичээллээд олон тэмцээн уралдаанд ороход асуултууд нь бүгд англи хэл дээр байдаг болохоор хүссэн хүсээгүй хэл бол хэрэглээ гэсэн бодол төрсөн. Тогтмол ашиглаад яваад эхлэхээр мэргэжлийнхээ англи үг, өгүүлбэрийг харьцангуй ойлгоод бодлогоо боддог болсон.

И.Бумчин: Юмыг олон талаас нь харж чаддаг болоход тусалдаг. Энэ хоёрын хэлсэн шиг бодож чадахгүй бодлогоо дотроо бодоод яваад байхаар бодох арга нь орж ирдэг. Хамгийн гол нь их сайн сууж сурсан. Бас англи хэлээ сайжруулахад тустай байгаа.

- Та нарын үеийнхэн өнөөгийн нийгэмд юуг хамгийн сайн сураасай гэж боддог талаар ярилцлагаа төгсгөе?

Л.Анужин: Дүнгийн араас хөөцөлдөөд, улаан дипломтой төгсөх гэж улайрдаг үе өнгөрсөн гэж боддог. Аль ч албан газрууд тухай хүний харилцааг анхаардаг болсон тул

  1. Эмх цэгцтэй, системтэй сэтгэж сураарай.
  2. Аливаа агуулгыг уншаад гол санааг нь хамгийн ихдээ 8-10 үгэнд багтааж илэрхийлэх чадварт суралц
  3. Хүмүүстэй харилцахдаа өөрийгөө бүрэн илэрхийлэхийн тулд өөрийгөө илүү сайн таньж мэдээрэй
  4. Хүмүүстэй харилцахдаа эелдэг боловсон байгаарай
  5. Зөв хандлагатай байгаарай гэж хэлмээр байна.

Д.Чингүүн: Мэргэжлээсээ таашаал авахгүй юм бол амьдрал нь сонирхолтой санагдахгүй

Д.Чингүүн: Өөрийнхөө дуртай зүйлийг олоод тэр зүйлдээ шилдэг нь байх гэж хичээгээрэй гэж хэлэх байна.  Бидний хувьд мэргэжил их чухал. Оюутны дөрвөн жил дууссаны  дараа бид үхэн үхтлээ ажил хийж амьдарна. Тэгэхээр мэргэжлээсээ таашаал авахгүй юм бол амьдрал нь сонирхолтой санагдахгүй байж магадгүй.

И.Бумчин: Эцэг эхчүүдийнхээ хэлснээр биш өөрийнхөө дуртай мэргэжлээр сураад өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаарай гэж хэлмээр байна.       

Видео ярилцлагыг хүлээн авна уу

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.