2020/08/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
B30
УЛААНБААТАР
21°
|
11°
10:00
S32
15°
11:00
S32
17°
12:00
S32
18°
13:00
S32
18°
14:00
S30
19°
15:00
S30
20°
16:00
S30
20°
17:00
S30
20°
18:00
S30
19°
19:00
S30
17°
20:00
S30
15°
21:00
S29
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коксжих нүүрс, төмрийн хүдэр зах зээлийн савлагаанд хамгийн “өнгөтэй” байна

Г.Төгс
2020 оны 4 сарын 28
www.mongolianminingjournal.com
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавирусийн дэгдэлт нэгдүгээр сард дэлхий нийтэд голомтлон тархаж эхлээгүй байхад шинжээчид нэг аюулыг сануулж байсан юм. Тэр нь хэдийгээр COVID-19 өвчин  Хятадад голомт үүсгэн ихээхэн тархалт өндөртэй байгаа ч, удахгүй бусад оронд шинэ голомт байдлаар тархвал жинхэнэ аюул болох тухай анхааруулга байв. Энэ аюул бодитоор биеллээ олсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гуравдугаар сарын 11-ний мэдэгдэл баталсан.Энэ өдөр тус байгууллага COVID-19-ийг цар тахал болсныг албан ёсоор мэдэгдсэн билээ. Гэвч үүнээс хавьгүй өмнө нь Өмнөд Солонгос, Япон, Итали, Францад томоохон голомт үүссэн нь тодорхой болоод байсан юм. АНУ-д коронавирусийн өвчлөл огцом нэмэгдэх тухай мэдээлэл дөнгөж гуравдугаар сар гараад байх үед хэвлэлүүдээр цацагдаж байв. Харин тухайн үед АНУ-ын төр засаг хэтэрхий удаан хөдөлж байсныг хэлэх хэрэгтэй. 

Одоо АНУ, Итали улсад хамгийн том голомт шилжиж, өдөрт шинээр халдвар авагсдын тоо, нас барагсдын тоо Хятадын тархалтын оргил үеээс даваад байгаа юм. АНУ, Европын эдийн засаг хэтэрхий том учир хөдөлгөөн хийх нь ч удаан байдаг бололтой. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сарын 13-нд улс орон даяар онц байдал зарлахаар болсноо мэдэгдсэн. Гэвч энэхүү “хэт удаан” үйлдэл нь хүн амынх нь эрүүл, аюулгүй байдалд ноцтой нөлөөлөөд  барахгүй  эдийн засаг нь зогсолт хийхэд хүргэж байна. 

Коронавирусийн тархалт нэмэгдэхийн хэрээр дэлхийн хөрөнгийн зах зээлийг сөхрүүлэх болсон. Голлох томоохон индексүүд 1987 оноос хойш байгаагүй огцом уналтыг үзүүллээ. Энэ бүхэн нь эдийн засгийн нөхцөл байдал уналтын нөхцөл байдал руу шилжсэнийг харуулж байна. АНУ-ын төв банк эдийн засгаа хамгаалахаар бодлогын хүүгээ хэд хэдэн удаа буурууллаа. 

Тухайлбал гуравдугаар сарын 4-нд Холбооны нөөц бодлогын хүүгээ 0.5%-иар бууруулсан бол улмаар удалгүй 15-нд бодлогын хүүгээ бүтэн нэг нэгж хувиар бууруулснаар бараг тэг түвшинд хүргэв. Трамп эдийн засгийг сэргээх хүрээнд нийтдээ 2 их наяд ам.долларын урьд хожид байгаагүй томоохон санхүүгийн дэмжлэгийг санал болгож, Конгресс ч үүнийг нь ёсчлон батлав. 

Эдийн засгийн нөхцөл байдал одоо хэрхэн, хэдийд сэргэх нь хамгийн их сонирхол татаж байгаа ч шинэ коронавирусийн тархалт хэний ч таамаглаагүй хэмжээнд очиж буй нь асуултын хариултыг улам бүдэгрүүлж байна. Бүх зүйл улс орнууд коронавирусийн аюулыг хэдийд дарж хэвийн хэмжээнд очихоос шалтгаална. ОХУ-ын зарим эрдэмтэн уг өвчний тархалт энэ зуны зургаа, долдугаар сар гэхэд намжина гэж үзэж байгаа бол Их Британийн зарим шинжээч хоёр жилээс наашгүй гэж таамаг дэвшүүллээ. Үүний хажуугаар бас нэг асуулт урган гарч байгаа нь уг өвчин дарагдсаны дараа дэлхийн худалдааны зарчим урьдны адилаар хадгалагдах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээ дагуулж байна.

Манай улсын экспортын түүхий эдийн ханш ерөнхийдөө буурах хандлагатай байна. Тухайлбал зэс, цайрын ханш оны эхэн үетэй харьцуулахад даруй 24%-иар буурчээ. Газрын тосны хувьд оны эхэн үетэй харьцуулахад 60%-иар буурчихаад байгаа бол төмрийн хүдэр, коксжих нүүрсний хувьд ханшийн бууралт төдийлөн ажиглагдахгүй байгаа юм. Алтны тухайд эрсдлээс хамгаалсан баталгаат хөрөнгө оруулалт болохын хувьд эдийн засгийн энэхүү тооцоолшгүй хүнд үед ханш нь өсөх төлөвтэй. 

Хятадад COVID-19-ийн тархалтыг харьцангуй хяналтандаа авч чадсан ч тус улсын аж үйлдвэрлэл оны эхний хоёр сарын байдлаар 13.5%-иар буурсан үзүүлэлттэй гарлаа. Мөн жижиглэнгийн худалдаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6%-иар буурсан   байна. Энэхүү мэдээлэл цацагдмагц хамгийн их ханш нь буурсан металлаар зэс тодорлоо. 

Зэсийн ханш 2009 оны хямралын түвшин, магадгүй бүр ч доош орж болзошгүй

Зэсийн ханш ирэх гурван сард 5000 мянган ам.доллар/тонн-той байна гэсэн таамаглалыг Сити групп дэвшүүлсэн бол Голдман Сакс банк уг үзүүлэлт 4900 ам.доллар/тонн-той тэнцэнэ гэжээ. Коронавирусээс үүдэлтэйгээр ханшийн таамаглалаа богино хугацаанд өөрчлөн бууруулах нь зах зээлийн судалгааны байгууллагуудын хувьд хэвийн үзэгдэл болов.

Хөрөнгийн биржийн томоохон индексүүд огцом уналтыг харуулж байхад гагцхүү аж үйлдвэрийн гол металлын нэг болох зэсийн ханш төдийлөн бууралтгүй нэг түвшиндээ хадгалагдаж байсан юм. Тэгвэл гуравдугаар сарын 16-ны байдлаар зэсийн ханш Лондоны металлын бирж дээр нэг тонн нь 5,211 ам.доллар/тонн-ын ханштайгаар хаагдсан. Ингэснээр зэсийн хувьд бууралтын шат руу шилжиж байна гэсэн дохио өгсөн. Улмаар нөгөөдөр нь зэсийн ханш 5,000 ам.доллар/тонн-ын түвшнээс доош орсон. Зэсийн компаниудын хувьцаа ч огцом буурах болсон. Тухайлбал АНУ-ын зэсийн компани болох Freeport McMoran компанийн хувьцаа сүүлийн нэг сарын байдлаар бараг 50%-иар буурч 6 ам.долларын ханштай болоод байна.

Зэсийн хувьд голцуу дэлхийн эдийн засгийн байдлыг илтгэдэг төдийгүй макро эдийн засгийн савлагаанд шууд хариу үйлдэл үзүүлэх хандлагатай байдаг. Дэлхийн зэсийн зах зээлийн эрэлтийн 50%-ийг дангаараа бүрдүүлдэг Хятадын зэсийн импорт оны эхний хоёр сарын байдлаар 846.1 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 7.2%-иар өссөн бол зэсийн хүдэр, баяжмалын импорт нь 1.2%-иар буурч 3.77 сая тоннд хүрчээ.

Шинэ коронавирусийн тархалт дэлхийн улс орнуудад нэмэгдэх тусам уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд саатал үүсэх, шинээр хөгжүүлж буй төслүүдийн барилга угсралт удаашрах байдал ажиглагдаж байна. Тухайлбал зэсийн гол үйлдвэрлэгч орнууд болох Чили, Перугийн Засгийн газар хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосноор тэдгээр улс оронд үйл ажиллагаа явуулдаг зэсийн компаниудын ажил ч удааширч эхлээд байна. WoodMackenzie цаашид урт хугацаанд газрын тосны ханшийн нөхцөл байдал буурсан хэвээр үргэлжилбэл бусад түүхий эдийн ханшид сөрөг нөлөөтэй бөгөөд энэ онд зэсийн ханш дунджаар 4850 ам.доллар/тонн-д хэлбэлзэх төлөвтэй байх таамаг дэвшүүллээ. 

Газрын тосны ханш цаашид 20 доллар/баррель-д хүрч буурна

Голдман Сакс банкны зүгээс энэ оны хоёр болон гуравдугаар улирал дахь Брэнт маркийн газрын тосны ханшийн таамгийг 20 ам.доллар/баррель болгож буурууллаа. Энэ нь гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногоос эхлэн ОХУ болон Саудын Арабын хооронд газрын тосны ханшийн тулаан өрнөх болсноос улбаалсан юм. Мөн коронавирусээс үүдэлтэйгээр газрын тосны эрэлт буурах байдал тооцоолж байснаас хүндрэх төлөвтэй холбоотой. 

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ОПЕК болон хамтрагч орнуудын хурал (2020.03.06) Австрийн Вена хотноо болсон. Тус хурлаар оны хоёрдугаар улиралд улс орнууд газрын тосны өдөрт олборлох хэмжээг 1.5 сая баррелиэр бууруулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг гаргасан ч энэхүү саналыг ОХУ хүлээж авахаас татгалзсан юм. Үүний дараа ОПЕК-ийн тэргүүлэх экспортлогч орон Саудын Араб ОХУ-ын татгалзсан шийдвэрийн хариуд эсрэг цохилт хийхээр шийдвэрлэсэн бололтой. Тодруулбал, Саудын Араб өөрийн улсын газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээг дөрөвдүгээр сараас эхлэн бууруулах бус харин ч нэмэгдүүлэхийн сацуу борлуулалтын ханшаа баррель тутамд 6-8 ам.доллараар хямдруулахаар шийдвэрлэсэн нь ханш буурах нөхцөл болсон. Ийнхүү хоёр улсын хооронд газрын тосны ханшийн тулаан өрнөснөөр гуравдугаар сарын 9-ний   байдлаар Брэнт маркийн газрын тосны ханш ганцхан өдөрт 30%-иар буюу баррель тутамд 13.29 ам.доллараар буурч 32 ам.доллар болсон.

Энэ нь 2016 оны хоёрдугаар сараас хойших хамгийн бага ханшийн түвшин болж буй төдийгүй сүүлийн бараг 30 жилд тохиогоогүй нэг өдрийн огцом уналтаар тооцогдсон. Төд удалгүй Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийг цар тахал болсныг зарлаж, залгуулаад АНУ-ын Ерөнхийлөгч Европоос өөрийн улс руу чиглэх бүх нислэгийг гуч хоногийн турш цуцлахаа зарласан. Энэ нь газрын тосны ханшийг  улам бүр доошлуулж 25 доллар/баррелийн түвшинд аваачиж, ханш хэсэгтээ өсөхөөргүй байх төлөвийг тодруулсан гэж үзэж болно. 

ОПЕК-ийн улс орнуудын олборлолт танах хэлэлцээр гуравдугаар сараар дуусгавар болж байгаа бөгөөд цаашид талууд хэрхэн тохиролцох нь анхаарал татаж байна. Эрэлт буурч ханш огцом доошилсон үед ОПЕК болон ОХУ-ын тал ойлголцолд хүрч хамтран ажиллахгүй бол нийлүүлэлт зах зээлд хэт илүүднэ. Гэвч Саудын Арабын тал ОХУ-тай яриа хэлэлцээр өрнүүлэх бодолгүй байгаагаа илэрхийлээд байна.

Төмрийн хүдрийн ханш тогтвортой байна

Дэлхий олон улс оронд шинэ коронавирусийн тархалтаас үүдэн хөл хорионы онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор үйлдвэрлэл зогсонги байдалд ороод байна. Үүнд гангийн салбар аль хэдийнэ хэлмэгдэж эхлээд байгаа бөгөөд гангийн үйлдвэрүүдийн зогсолт бүхий л бүс нутагт түр болон тодорхойгүй хугацаатайгаар явагдаж байгаа ажээ. Үйлдвэрлэлийн зогсолт нь зарим хэсэгт Засгийн газрын албан шийдвэрээр  нөгөө хэсэгт өөрсдийн сайн дурын шийдвэрээр өрнөж байна. Энэ үйл явц нь дэлхийн гангийн зах зээлийн түүхий эдийн эрэлтийг бууруулж, ханш унах нөхцөл болно гэсэн энгийн тайлбарыг MEPS байгууллагаас өгөөд байна. Гэхдээ нэг зүйл анхаарал татаж байна. Гангийн гол түүхий эд үйлдвэрлэгчдийн нэг болох “BHP”-ийн мэдээлж байгаагаар тус компанийн төмрийн хүдрийн уурхайнуудын хувьд гуравдугаар сарын 19-ний байдлаар ямар нэг мэдэгдэхүйц нөлөөлөл амсаагүй бөгөөд нийлүүлэлтийн сүлжээнд доголдол үүсээгүй байна. 

Барууны орнуудад шинэ коронавирусийн тархалтаас үүдэн гангийн үйлдвэрлэл эрчимтэй буураад байгаа бол Азийн улс орнуудад гангийн нийлүүлэлтийн илүүдэл үүсэх эрсдэл бий болоод байна. Хятад улсад гангийн үйлдвэрлэл сэргэж байгаа ч агуулах дахь нөөц улам бүр нэмэгдэж буй. Энэ нь бүтээгдэхүүний нөөцийг экспортлох хэрэгцээ шаардлагыг үүсгээд байна. Гангийн салбарт хүнд нөхцөл байдал үргэлжлэх нь тодорхой байгааг MEPS илэрхийлжээ. Европт хэдийгээр үйлдвэрлэл зогсоод байгаа ч холбооны орнуудын хил нэвтрэлт удаашралтай байгаагаас нийлүүлэлт гацаж, тэр хэрээр бүтээгдэхүүний ханш буурах эрсдлээс хэсэгтээ сэргийлэгдэж байгаа ажээ. Гэхдээ дэлхийн эдийн засгийн бууралт тохиож байгаа нь ойрын хэдэн саруудад гангийн ханшид сөргөөр нөлөөлөх нь гарцаагүйг MEPS онцолжээ. 

Хятадын хувьд оны эхний хоёр сарын байдлаар төмрийн хүдрийн импорт нь нэлээд ахиу байсан. Тодруулбал тус улс мөн хугацаанд 176.8 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.5%-иар өндөр дүн юм. Хятадын гангийн үйлдвэрлэл оны эхний хоёр сарын хугацаанд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.1%-иар нэмэгдэж 155 сая тоннд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл тус улсын аж үйлдвэрийн салбар оны эхний хоёр сард багагүй хэмжээгээр буурсан ч гангийн салбар  харин тун муугүй ажиллажээ. Гэхдээ 2019 оны эхний хоёр сард гангийн үйлдвэрлэлийн өсөлт 9.2%-тай байсантай харьцуулахад өсөлтийн үзүүлэлт багагүй хэмжээгээр саарчээ. Гуравдугаар сард Хятадын аж үйлдвэрлэлийн эрчимжилт, тэр дундаа металлын салбарт нөхцөл байдал илүү сайжирна гэсэн хүлээлттэй байгаа юм. 

Гуравдугаар сарын байдлаар Хятадын дотоодын зах зээлд төмрийн хүдрийн ханшийн бууралт ажиглагдахгүй байна. Учир нь нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй гэсэн таамаг салбарынхны дунд түгээмэл байна. Хятадын Далианы түүхий эдийн бирж дээр нэг тонн төмрийн хүдрийн үнэ гуравдугаар сарын 25-нд өмнөх өдрийнхөөсөө 5.1%-иар өсөж 93.97 ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны долдугаар сараас хойших хамгийн огцом өсөлтөд тооцогдсон. 

Ийнхүү гангийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн ханш бараг бууралтгүй байгаа юм. Ган үйлдвэрлэлд ашиглагддаг бас нэгэн чухал түүхий эд болох коксжих нүүрсний ханш ч зах зээлд төдийлөн бууралтгүй байгааг шинжээчид онцолж, зарим тохиолдолд алтнаас ч сайн үзүүлэлттэй байна гэж тайлбарлалаа. Коксжих нүүрсний хувьд ханш цааш хэрхэн өрнөх тухайд шинжээчид “үнэ тогтвортой хадгалагдана” эсвэл “буурна” гэсэн хоёр талд хуваагдаад байгааг хэлэх нь зүйтэй. Австралийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ гуравдугаар сарын байдлаар 160 ам.доллар/тонн байгаа бол оны сүүлээр уг үзүүлэлт 180 ам.долларт хүрч магадгүй байгааг WoodMackenzie таамаглажээ. Энэхүү өсөлтийн таамаглалаа тус байгууллага Хятадын эрэлт сайн байх төлөвтэй уялдуулж байгаа юм.

Хятадын хувьд оны эхний хоёр сарын байдлаар коксын үйлдвэрлэл нь 5.5%-иар буурснаас үзэхэд цаашид тус улсын аж үйлдвэрлэл сэргэхийн хэрээр эрэлт нэмэгдэх магадлал өндөр байна.

Алтны ханш, хувьцаанууд өсөж эхэллээ

Шинэ коронавирусийн тархалт барууны орнуудад  нэмэгдэж, дэлхийн хөрөнгийн биржүүдийн индексүүд уналтад орж, зөвхөн бэлэн мөнгө илүү их үнэ цэнэтэй болох хандлагатай байсан. Гуравдугаар сарын 17-нд алтны ханш нэг унц нь 1,477 ам.долларт хүрч буурсан ч сарын сүүлээр эргээд 1,650 ам.долларт хүрээд байна. Дэлхийн улс орнуудын төв банкууд бодлогын хүүгээ эрчимтэй бууруулах болсон нь алтны ханш өсөх шалтгаан болж байна. Нөгөөтэйгүүр улс орнууд хөл хорио тогтоох арга хэмжээгээ чангатгах тусам алтны уурхайнууд нэг хэсэгтээ хаагдаж, нийлүүлэлт хумигдах төлөвтэй байгаа нь алтны худалдан авалтыг эрчимжүүллээ.

Хөрөнгө оруулагчид алтны ханш цаашид ч үргэлжлэн өснө гэсэн хүлээлттэй байгаа ч хөл хорио нь алтны үнэт эдлэлийн худалдан авалтыг бууруулах эрсдлийг бий болгоод буйг бас тэмдэглэх хэрэгтэй. Дэлхийн хөрөнгийн зах зээлд хувьцааны уналт түгээмэл байгаа бол алт үйлдвэрлэгч компаниудын  хувьцааны хувьд өсөлт ажиглагдлаа. Коронавирусийн дэгдэлт нь зах зээл, бизнест тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж буй нь санхүүгийн баталгаат эх үүсвэр болох алтны үнэ цэнийг улам бүр өсгөнө гэсэн төсөөлөл  давамгайлж байна.  

Зураг
x