Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийн онцлох заалтууд

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Коронавируст халдвар/COVID-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, М.Бямбацогт нар өргөн мэдүүлсэн билээ. 

Хууль санаачлагчид уг хуулийн зорилтыг “Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд коронавируст халдвар буюу цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан” хэмээн тодорхойлсон.  

Уг хуулийн төслийн онцлох заалтуудыг танилцуулж байна 

Энэ хууль нь ДЭМБ-аас тогтоосон зөвлөмжийн дагуу цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд үйлчилнэ 
Цар тахлын үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдсон хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэн шийдвэрлэнэ
Цар тахлын үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдсон хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг цахимаар болон хялбаршуулсан журмаар, шуурхай хянан хэлэлцэнэ. 

Засгийн газрын авч хэрэгжүүлэх арга хэмжээ 

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, чиглэлээр хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, тэдгээрт мөрдөх журам, зааврыг батална
Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх
Цар тахлын голомтод үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдад моргейжийн нэн хөнгөлөлттэй зээл олгох замаар нийгмийн баталгааг хангах тусгай төлөвлөгөө баталж, санхүүжүүлэх эх үүсвэрийг тодорхойлж хэрэгжүүлэх
Цар тахлын хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин орлого нь тасалдсан иргэдийн талаар авах арга хэмжээний саналыг шийдвэрлэх 
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг улсын хэмжээнд болон зарим нутаг дэвсгэрийн хэмжээнд хязгаарлах 
Өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсрол, сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулах
Шашны байгууллагын шашин номын хурал, цуглааныг олон нийтийг хамруулан зохион байгуулахыг тодорхой хугацаагаар зогсоох
Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдол бүхий зарим бараа бүтээгдэхүүний үнийн зохицуулалт буюу бараа бүтээгдэхүүний үнийг нэг хэмжээнд барихад чиглэсэн арга хэмжээ авах
Улсынхаа нутаг дэвсгэр болон гадаадад зорчих иргэний үндсэн эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах

Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлэх арга хэмжээ 

Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэн буцаж ирэх хүсэлт гаргасан тохиолдолд тухайн улс дахь өвчлөлийн тархалт, эрсдэл, холбогдох шинжилгээ хийлгэсэн эсэх, шууд нислэгийн боломж зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан татан авах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах
Транзит болон улс хоорондын ачаа тээвэр, эрдэс баялгийн экспортын хүрээнд хилийн боомтоор нэвтрүүлэх ачаа тээврийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох нэгдсэн журмыг батлах 

Бусад төрийн байгууллагын үйл ажиллагаа

Цар тахлаар халдварлагдсан болон өвчний сэжигтэй шинж тэмдэг бүхий гадаадын иргэн, харьяалалгүй иргэнийг Монгол Улсын хилээр оруулахыг хориглоно
Төөрөгдүүлэх, худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг цагдаагийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавина

Төв банкны бүрэн эрх 

Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах зорилгоор дотоод болон гадаад улс, олон улсын банк санхүүгийн байгууллага, хуулийн этгээдээс зээл болон бусад хэлцлээр гадаад валют авах, гадаад валют худалдан авах нөхцөлтэйгээр тус улсын банк, санхүүгийн байгууллагад зээл олгох

Иргэний хүлээх үүрэг 

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед жагсаал цуглаан хийх, нэг дор олноор буюу 4-өөс дээш хүн цугларахыг хориглоно 

Аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг 

Ажилтны ажлын байрыг хэвээр хадгална 
Гамшгийн үед түрээсийн төлбөрийг нэмэх, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх

Уг хуулийг дагалдаж Эрүүгийн хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт 

Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулгыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хугацаагаар хорих ял шийтгэнэ. 
Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюул, нийгэмд үүссэн бусад эрсдэлийн үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ. 

Уг хуулийг дагалдаж Зөрчлийн тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт 

Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюул, нийгэмд үүссэн бусад эрсдэлийн үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм, бусад журам, заавар, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулгыг биелүүлээгүй, эсхүл зөрчсөн, саад учруулсан бол хүнийг таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, долоогоос гуч хүртэл хоногийн хугацаагаар баривчлах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно 
Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюул, нийгэмд үүссэн бусад эрсдэлийн үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.