Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрвээ Ким Жон Ун нас барсан бол дараа нь юу болох вэ?

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун олны нүдэнд харагдалгүй хоёр долоо хоног гаруй хугацаа өнгөрөөд байна.

Тэр бас өвөг эцгийнхээ мэндэлсний ойн чухал арга хэмжээнд оролцолгүй өнгөрсөн юм. Залуу Кимийг өвдсөн, хагалгаанд орсон зэрэг мэдээллүүд цацагдаад байгаа. Зарим хэвлэлүүд бүр түүнийг нас барсан гэх таамгийг дэвшүүлээд байна.

Сөүл, Вашингтоны албаныхан энэ талаар тодорхой таамаг хэлэхээс зайлсхийж, Пёньяны төв хэвлэлүүд удирдагчийнхаа талаар ямар нэг мэдээлэл гаргахгүй байгаа юм.

 

Ким Жон Ун нас барсныг дэлхий нийт хэрхэн мэдэх вэ?

Умард Солонгос бол бүх зүйл нь хаалттай улс орон. Удирдагчдын хувьд бүр ч хаалттай. Ким Жон Уны эцэг Ким Жон Ил нас барсныг хоёр хоногийн дараа л нийтэд зарлаж байв.

 

Эмгэнэлт мэдээг хамгийн түрүүнд зарладаг хүн нь тус улсын төв телевизийн ахмад хөтлөгч Ри Чун Хэ юм. Тэрээр өмнөх удирдагчдын нас барсан тухай мэдээг хамгийн түрүүнд хар өнгийн үндэсний хувцастай камерны өмнө суугаад зарлаж байжээ.

2011 онд Ким Жон Ил, 1994 онд Ким Ил Сун нас барахад Ри Чун Хэ ард түмэнд зарлах үүргийг хүлээж байв.

 

Кимийн удмынхан залгамжлах уу?

1948 онд байгуулагдсан БНАСАУ-ыг өнөөдрийг хүртэл зөвхөн нэг гэр бүлийнхэн удирдаж байгаа.

Ким Ил Сун эрх баригч Хөдөлмөрийн Намыг үүсгэн байгуулж, Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэл, АНУ тэргүүтэй холбоотны хүчтэй хийсэн Солонгосын дайныг удирдаж явсан тул тэдний гэр бүл дархлагдсан гэхэд болно.

Өөрөөр хэлбэл удирдагчийг нас барсан ч Пёньяны дээд зиндааны улс төрчид, цэргийнхэн засгийн эрхийг булааж авахыг оролдох магадлал тун бага гэж шинжээчид дүгнэдэг. Тиймээс Ким Жон Ун нас барсан нь үнэн бол дараагийн хэн нэг Ким залгамжлах нь тодорхой юм.

 

Хэн залгамжлах вэ?

Ким Жон Ун гурван хүүхэдтэй. Гэхдээ тэдний нас бага байгаа тул төрийн эрхэнд гарахад хэтэрхий эрт юм.

Ким Жон Уны охин дүү Ким Ёо Жон улс орноо төлөөлөн Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцож, ахынхаа гадаад айлчлалуудад дагалдаж, саяхан өөрийн нэрээр анх удаа улс төрийн мэдэгдэл гаргасан.

 

Түүний хашиж буй албан тушаал Кимийн гэр бүлийнхний дотор хамгийн өндөрт тооцогдож байгаа. Гэхдээ Умард Солонгосын хуучинсаг нийгэм эмэгтэй удирдагчийг хүлээж авах эсэх нь эргэлзээтэй.

Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Нам 2017 онд Малайзийн нийслэлийн нисэх онгоцны буудалд хорлогдож, амиа алдсан. Түүнийг Пёньяны захиалгаар хөнөөсөн гэж ажиглагчид үздэг. Хэрвээ тэр амьд байсан бол дорнын уламжлалаар эцгийгээ залгамжлах эрх оногдох байв.

Түүнээс гадна Ким Жон Унд эцэг, эх нэгтэй өөр нэг ах байдаг нь Ким Ён Чол юм. Гэхдээ тэр улс төрийн ямар ч амбицгүй, рок хөгжим сонирхдог нэгэн гэсэн мэдээлэл бий.

Ким Жон Уны гэргий Ро Сол Жу өмнөх удирдагчдын гэргий нараас анх удаа өндөр байр сууринд хүрч, 2018 онд “Тэргүүн хатагтай” болж өргөмжлөгдсөн.

Ким Жон Уны ойрын хүрээллийн хүмүүсийг дурдвал ийм байна.

Өөр нэг алдартай Ким гэвэл Ким Жон Уны аавын эцэг нэгтэй дүү Ким Пён Ил гэдэг хүн Умард Солонгосыг төлөөлөн зүүн Европын хэд хэдэн оронд олон жилийн турш элчин сайдаар ажиллаж байв. Гэхдээ тэр өнгөрсөн онд Чех улсаас Пёньянд дуудагдаж ирээд нам гүм амьдарч байгаа. Умард Солонгосын өмнөх удирдагчид албан ёсны эхнэрээс гадна нууц амрагуудтай байсан тул Кимийн гэр бүлийн ургийн бичгийг гаргахад хүндрэлтэй байдаг. Тийм учраас эцэг нэгтэй, өөр өөр эхээс төрсөн удирдагчдын хүүхдүүд хэд хэд байдаг юм.

 

Кимийн гэр бүлийн гаднаас залгамжлах хүн бий юу?

Одоогоор Ким Жон Уны дараа Умард Солонгосын хоёрдугаар хүнд Чо Рён Хэ тооцогддог. Тэрээр төрийн хэд хэдэн дээд албан тушаалыг хашдаг, нөлөө бүхий эрхэм юм.

Түүнийг Кимийн гэр бүлтэй худ ургийн холбоотой гэсэн мэдээлэл байдаг. Тухайлбал удирдагчийн охин дүү Ким Ёо Жоныг түүний хүүтэй гэрлэсэн байж болзошгүйг Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлж байжээ.

 

Удирдагчийн шарилыг хэрхэн оршуулдаг вэ?

 

Ким Жон Уны аав, өвөө нарыг Пёньяны ойролцоох Кумсусаны дурсгалын цогцолборт байрлах гантиг чулуун бунханд занданшуулсан байдаг.

Залуу Ким нас барвал түүний шарилыг олон хоног үргэлжлэх нүсэр том оршуулгын ёслолын дараа мөн энд занданшуулах нь тодорхой юм.

 

Эх сурвалж: AFP