Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын армийн 900 орчим алба хаагч коронавирусийн халдвар авжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Оросын зэвсэгт хүчний бараг 900 орчим алба хаагч коронавирусийн халдвар аваад байгааг тус улсын батлан хамгаалах яам Ням гарагт мэдээлжээ.

“Гуравдугаар сарын эхнээс дөрөвдүгээр сарын 26 хүртэл хугацаанд Оросын зэвсэгт хүчний нийт 874 алба хаагчийн шинжилгээний хариу эерэг гарсан” гэж тус яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Тэдгээрээс 314 нь батлан хамгаалах яамны эмнэлэгт, 175 нь өөр өөрийн цэргийн анги нэгтгэлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бол зургаа нь нийтийн эмнэлэгт хэвтэж, 379 нь гэрийн хорионд оржээ.

Дөрвөн алба хаагчийн биеийн байдал хүнд байгаагаас нэг нь амьсгалын аппарат залгуулан эмчлүүлж байгаа гэнэ.

Цэргийн алба хаагчдаас гадна Оросын батлан хамгаалах яаманд ажилладаг 245 энгийн иргэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ.

Бас цэргийн сургуулийн нийт 779 оюутны шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Тэдгээрийн ихэнхээс нь ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа гэнэ.

ОХУ-ын батлан хамгаалах яам цэргийн бүх алба хаагчдыг оношилгоонд хамруулахаар ажиллаж, зэвсэг техникийг өдөр бүр ариутган халдваргүйжүүлж байгааг мэдэгджээ.

ОХУ даяар коронавирусийн халдварын тохиолдол 80,949 хүрсэн тухай Ням гарагт тус улсын цар тахалтай тэмцэх төвөөс мэдээлсэн юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд 6,381 тохиолдол шинээр бүртгэгджээ. Нийт нас барсан өвчтөний тоо 747 хүрсэн байна.

 

Эх сурвалж: ТАСС