Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо дэлхий даяар 200,000-д хүрлээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо Бямба гарагийн байдлаар дэлхий даяар 200,000-д хүрч, коронавирусийн халдвар авсан хүний тоо 2.9 саяд ойртлоо.

Нийт нас барсан тохиолдлуудын тал орчим хувь нь АНУ, Испани, Итали улсуудад оногдож байна. Бямба гарагийн байдлаар АНУ-д 52,000, Италид 25,000, Испанид 22,000 гаруй хүн нас бараад байв.

Covid-19 өвчнөөр эхний 100,000 хүн нас барахад 91 хоног болсон бол 200,000 хүрэхэд 16 хоног болжээ. Харьцуулбал дэлхийн хамгийн аюултай халдварт өвчнүүдийн нэгэнд тооцогддог малариа өвчнөөр жил бүр 400,000 орчим хүн нас бардаг байна.

Хамгийн олон халдвар бүртгэгдсэн дэлхийн 20 улсын дотроос хүн амтай нь харьцуулбал хамгийн олон эндэгдэлтэй нь Бельги улс болж байгаа юм.

Тус улсад 10,000 хүн тутамд 6 эндэгдэл оногдож байгаа бол Испанид энэ үзүүлэлт 4.9, АНУ-д 1.6 байна.

Сүүлийн өдрүүдэд цар тахлын нөхцөл байдал хамгийн хүнд байгаа орнуудын нэг Их Британи болжээ.

Өчигдөр тус улсын эмнэлгүүдэд Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо 20,000-д хүрч, АНУ, Итали, Испани, Францын дараа уг босгыг давсан дэлхийн тав дахь улс боллоо.

Хэрвээ асрамжийн газруудад нас барсан өвчтөнүүдийн тоог нэмбэл нийлбэр нь улам нэмэгдэх юм.

Гуравдугаар сарын дундуур Британийн засгийн газрын шинжлэх ухааны зөвлөгч хэлэхдээ нас баралтын тоог 20,000 дотор барьж чадвал сайн үр дүнд тооцогдоно гэж байжээ.

Тус улс Европын бусад орнуудтай харьцуулбал цар тахлын эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хожимдуулсан гэж шүүмжлүүлж байгаа. Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Британи даяар нийт 28,760 хүнийг оношилсон байна. Тус улсын эрх баригчид энэ сард багтаан өдөрт 100,000 хүн оношилдог болно гэж амлаж байсан нь эндээс харахад биелэх боломжгүй болжээ.

Дэлхийн их гүрнүүдийн удирдагч нараас ганцхан Британийн ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвар аваад эрчимт эмчилгээ хийлгэж байв. Тэрээр маргааш буюу Даваа гарагт ажилдаа орох төлөвтэй байна.

Сүүлийн байдлаар дэлхийд хамгийн олон батлагдсан халдварын тохиолдолтой 10 орны тоо баримтууд:

 

Улсууд

Халдварын тохиолдол

Эндэгдэл

Харьцаа

1

АНУ

933,933

53,449

6%

2

Испани

223,759

22,902

10%

3

Итали

195,351

26,384

14%

4

Франц

159,957

22,648

14%

5

Герман

156,418

5,873

4%

6

Их Британи

149,559

20,381

14%

7

Турк

107,773

2,706

3%

8

Иран

89,328

5,650

6%

9

Хятад

83,783

4,632

6%

10

Орос

74,588

681

1%

Эх сурвалж: Reuters