Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс Умард Солонгос руу эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн төлөөлөгчдийг илгээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Ким Жон Унд зөвлөх зорилготой баг төлөөлөгчдийг Хятад улс Умард Солонгос руу илгээсэн тухай Бээжингийн албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Төлөөлөгчдийн багт анагаах ухааны мэргэжилтнүүд бас багтсан гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт Ким Жон Уны биеийн байдал муу байгаа тухай мэдээ тарсан билээ.

Төлөөлөгчдийг Ким Жон Уны эрүүл мэндтэй холбоотой илгээсэн эсэх нь тодорхойгүй байна.

Хятадын Коммунист Намын олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн  даргын ахалсан баг Пүрэв гарагт Бээжингээс Пёньян руу нисжээ.

Өмнөд Солонгосын “Daily NK” сайтад мэдээлснээр Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 12-ны өдөр зүрх судасны хагалгаанд орсныхоо дараа Пёньяны ойролцоох амралтын газарт эмчлүүлж байгаа гэнэ.

Удирдагчийн биеийн байдал муу байгаа гэсэн мэдээллийг Хятад, Өмнөд Солонгосын засгийн газрын эх сурвалжууд үгүйсгэсэн юм.

Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бас Ким Жон Уны бие муудсан гэх мэдээлэлд итгэхгүй байгаагаа илэрхийлж байв.

Харин Умард Солонгосын төв хэвлэлүүд удирдагчийнхаа хаана байгаа талаар өнөөдрийг хүртэл ямар ч мэдээлэл гаргахгүй байна.

Тус улсад шинэ коронавирусийн халдвар огт илрээгүй гэсэн тайланг Пёньянаас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад өгсөөр байгаа юм.

 Одоо 36 настай Ким Жон Ун илүүдэл жингээс улбаатай эрүүл мэндийн асуудалтай гэсэн албан бус мэдээлэл байдаг.

2014 онд тэр хэсэг хугацаанд олны нүднээс далд байсны эцэст ил гарахдаа хөл нь доголсон байжээ.

 

Эх сурвалж: Reuters