Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 10 хоногт хоёр дахин нэмэгдэж, 50,000-ыг давлаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо АНУ-д 50,000-ын босгыг давлаа.

Энэ нь сүүлийн 10 хоногийн хугацаанд хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Тус улсад нийтдээ 880,000 гаруй хүн халдвар аваад байгаа бөгөөд энэ сар гарсаар өдөрт дунджаар 2,000 хүн нас барсан байна.

Оношлуурын хүрэлцээ муу, бэлтгэгдсэн мэргэжилтний тоо хангалтгүй байгаа нь бодит тоог гаргахад бэрхшээл учруулж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Эндэгдлийн тоог зөвхөн эмнэлэг, асрамжийн газарт илэрснээр бүртгэж байгаа ба гэртээ нас барсан хүмүүсийн тоог оруулаагүй байна.

АНУ-д нас барсан нийт хүмүүсийн 40 хувь нь тахлын хамгийн том голомт Нью Йорк мужид оногджээ.

Дэлхий даяар коронавирусийн халдварын батлагдсан тоо 2.7 саяыг давж, 195,000 гаруй хүн нас бараад байна.

Дэлхийд хүн амын тоогоор гуравт бичигддэг АНУ-д тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн дараагийн орнууд болох Итали, Испани, Францынхаас бараг хоёр дахин олон хүн нас баржээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр цар тахалд хямарсан эдийн засгаа сэргээхэд дэмжлэг үзүүлэх $484 тэрбумын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хуулинд гарын үсэг зурсан юм.

Энэхүү мөнгийг жижиг бизнесүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, эмнэлгүүдийг санхүүжүүлэх, оношлуурын хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулах ажээ.

Сүүлийн байдлаар хамгийн олон батлагдсан халдварын тохиолдолтой дэлхийн 10 орны тоо баримтууд:

 

Улсууд

Халдварын тохиолдол

Эндэгдэл

Харьцаа

1

АНУ

889,661

51,017

6%

2

Испани

219,764

22,524

10%

3

Итали

192,994

25,969

13%

4

Франц

159,495

22,278

14%

5

Герман

154,545

5,723

4%

6

Их Британи

144,634

19,564

14%

7

Турк

104,912

2,600

2%

8

Иран

88,194

5,574

6%

9

Хятад

83,783

4,632

6%

10

Орос

68,622

615

1%

Эх сурвалж: Reuters, AFP