Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дахин төлөвлөлтөөр баригдсан “Цагаан орд” төслийн I ээлжийн 195 айлын орон сууц ашиглалтад орж, оршин суугчдадаа түлхүүрийг нь гардууллаа

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 25
iKon.MN
 

Хүний амьдралын үнэ цэнэ бий болоход эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах явдал хамгаас чухал.

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй БҮК-ийн 53, 54 дүгээр байрыг дахин төлөвлөлтөд оруулсан “Шинэ гэр түншлэл” ХХК-ийн “Цагаан орд” төслийн нэгдүгээр ээлжийн 195 айлын орон сууц ашиглалтад орж, нээлтээ хийлээ.

Нээлтийн үеэр хуучин байрны оршин суугчид шинэ байрныхаа түлхүүрийг гардан авсан аз жаргалын нулимстай, сэтгэл догдлуулсан баярт үйл явдал тохиосон юм.

 

“Шинэ гэр түншлэл” ХХК-ийн “Цагаан орд” төслийн удирдагч Г.Хангай “2018 оны гуравдугаар сарын 1-нд Нийслэлийн засаг даргын А/174 дүгээр захирамжын дагуух төсөл сонгон шалгаруулалтаар манай компани оролцож, шалгарсан байдаг. Үүний дагуу бид ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучнаар БҮК-ийн 53,54 дүгээр байрыг буулгаж, нураахаар иргэд оршин суугчидтай гурван талт гэрээ байгуулан 97 айлыг чөлөөлөх ажил хийгдэж, 2019 оны гуравдугаар сараас барилгын ажлаа эхлүүлсэн.

2020 оны дөрөвдүгээр сарын 16-нд эхний байр болох 195 айлын бүрэн цутгамал 15 давхар орон сууц маань ашиглалтад орж, ийнхүү нээлтээ хийж буйд баяртай байна. Мөн хуучин байрны оршин суугчид маань чөлөөлсөн байрныхаа төлбөрт шинэ байраар хангагдаж байгааг харах ч сайхан юм. Өнөөдөр эхний айлууддаа байрны түлхүүрийг нь гардуулж өглөө. Жил гаруйн хугацаанд олон саад бэрхшээл тулгарсан ч бид бүхэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд оршин суугчдадаа байрыг нь хүлээлгэж өгөхөөр ажилласны үр дүн эхнээсээ гарлаа. 

2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн бүх айлуудаа ээлж дараалан авч эхлэх бөгөөд айдас хүйдэстэй ийм хүнд цаг үед гэгээлэг мэдээ дуулгаж байгаадаа баяртай байна. Ашиглалтын шаардлага хангахгүй байрны дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд “Монгол гэр түншлэл” ХХК өөрсдийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулдаг. Уг төсөл дээр нийслэлээс ус, дулаан, цахилгаан зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдэж өгсөнд таатай байгааг мөн хэлье” хэмээв.

 

Түүнчлэн барилга байгууламж ихээр баригдаж буй энэ үед автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай,  ногоон байгууламж, орц гарцын асуудал нь мөн чухал. Тэгвэл “Цагаан орд” төслийн нэгдүгээр ээлжийн орон сууцны хувьд уг асуудлуудыг цогцоор шийдэж  өгч буй явдал нь төслийн баг нэгэн давуу тал болжээ.

Дахин төлөвлөлтөөр шинэ байртай болсондоо талархаж нүдэндээ баярын нулимстай зогссон хуучин оршин суугчдын  төлөөлөл болсон дараах иргэдийн сэтгэгдлийг сонслоо.  

Д.Эрдэнэтунгалаг: Хуучин байр маань 70 орчим жил болсон. Нийслэлийн шийдвэрээр дахин төлөвлөлтөд орж, Энхбаяр захиралтай “Шинэ гэр түншлэл” компанийн хамт олон тогтоосон цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд орон сууц барьж , оршин суугчид биднийг байранд нь оруулсан явдалд баярлалаа. Улсын комисс өнгөрсөн долоо хоногт ирэхэд шинэ байр маань онц дүнтэй шалгагдсан гэсэн. Оршин суугчид бид цаг үеэ дагаад ийм сайхан байранд орлоо. Хан-Уул дүүрэг маань хуучны дүүрэг учраас хуучин байр ихтэй байлаа. Гэсэн ч нийслэлийн үе үеийн удирдлагууд дахин төлөвлөлтөд оруулж танигдахгүй болгож өөрчилж байгаа нь сайн хэрэг. Улаанбаатарт олон байр дахин төлөвлөлтөд орж, ард иргэд маань үе удмаараа амар тайван амьдарна байх.

Д.Гэрэлмаа: Миний хувьд 2002 оноос хойш БҮК-ийн байрандаа амьдарсан. Гаднаа ариун цэврийн байгууламжтай болохоор гаднах орчин их бохир,  дотроо мөөгөнцөртчихсөн нурж унах гэж байгаа юм шиг л байр байсан даа. Харин амьдарч оршин суугчид маань цэвэрлэгээ их сайн хийдэг байсан болоод ч тэр үү харьцангуй олон жил байр маань тэссэн. Би нөхөр, хүүхдүүдийнхээ хамтаар ам бүл зургуулаа 16 метр квадратад амьдарч байсан. “Монгол гэр түншлэл” компанийн хамт олон оршин суугчдыг чөлөөлөөд жилийн дотор ийм сайхан орон сууцтай болгосонд маш их баяртай байна. Энэ сайхан байрандаа орох болсонд сэтгэл их хөдөлж байна.  

Б.Батжаргал: Би 53 дугаар байрны 7 тоотод хүү, бэр, ачтайгаа дөрвүүлээ амьдарч байсан. Биднийг хурдан хугацаанд ийм сайхан шинэ байртай  болгож, эрүүл тавт тухтай орчинг бүрдүүлж өгсөн “Шинэ гэр түншлэл” компанийн хамт олон чин сэтгэлээсээ баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 400 гаруй ашиглалтын шаардлага хангахгүй байр бий. Уг байрууд бүгд дахин төлөвлөлтөд орох шаардлага буй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.