Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Осака хотын захирагч эмэгтэйчүүдийн дэлгүүр хэсэх зуршлыг яриад шүүмжлүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Японы баруун бүсийн томоохон хот Осакагийн захирагч өчигдөр хорио цээрийн дэглэмийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярихдаа эмэгтэйчүүдийн дэлгүүр хэсэх зуршлыг хөндөөд бурууджээ.

Өнөөдрийн байдлаар Осака хот болон түүнийг тойрсон мужид 1,500 орчим Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдсэн нь Токио хотын дараа улсдаа хоёрт орох үзүүлэлт юм.

Хотын захирагч Ичиро Мацуй өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр гадуур явах цагаа багасгаж, гэртээ байхыг оршин суугчдадаа уриалсан байна.

Нэг эрэгтэй сэтгүүлч түүнээс супермаркетаар үйлчлүүлэх хүмүүсийн тоог бууруулах арга хэмжээ авбал халдварын эрсдэл буурах боломжтой эсэх талаар асуужээ. Токио хотын захирагч өнөөдөр хамгийн богинодоо гурав хоног тутамд нэг удаа хүнсний дэлгүүрт очихоор амьдралаа зохицуулахыг иргэдэд уриалсан юм.

Харин Осака хотын захирагч Мацуй уг асуултад хариулахдаа “Эмэгтэйчүүд дэлгүүр орохдоо их цаг зарцуулдаг. Хэрвээ та (сэтгүүлч) байсан бол зөвхөн авах юмаа аваад шууд гэртээ харих байх. Эрчүүд дэлгүүр явах нь энэ үед илүү зохимжтой” гэж ярьжээ.

Захирагчийн ярьсан зүйл тэр дороо Японы сошиал ертөнцөд тарж, япончуудын дунд маргаан үүсгэсэн байна.

Голдуу эмэгтэйчүүд Мацуйг хүйсээр ялгаварлан гадуурхсан үзэл гаргалаа гэж шүүмжилжээ.

Зарим нэг нь Мацуй захирагч үнэн зүйлийг буруу аргаар илэрхийлсэн гэж өмөөрөөд эмэгтэйчүүд цар тахлын үед дэлгүүр хэсэхээ багасгах нь зөв гэсэн байна.

Мацуй захирагч бас иргэдийг төрсөн сарынхаа тэгш сондгойгоор хуваагдан долоо хоногийн тэгш сондгой өдрүүдэд супермаркетаар үйлчлүүлэх зарчим баримталбал коронавирусийн тархалтыг хязгаарлахад чухал түлхэц болно гэж ярьжээ.

 

Эх сурвалж: Reuters