Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

LEAD-ийн төгсөгчид юу хийж байна вэ?

ikon.mn
2020 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэхүү нийтлэлээр LEAD Mongolia хөтөлбөрийн төгсөгч мөн iKon.mn сайтын ИНДЭР буланд салбарынхаа тухай шинэ соргог мэдээллийг тогтмол бичдэг дөрвөн залууг онцлон хөтөлбөрөөс олж авсан туршлагаа хуваалцсаныг хүргэж байна.

З. Гантогоо (Мэдээлэл технологийн инженер, LEAD Mongolia хөтөлбөрийн 2017 оны төгсөгч)

 

Миний хувьд LEAD хөтөлбөрөөс сурч мэдсэн олон чухал зүйлсээс нэгийг нь онцолмоор байна.

Энэ бол нөлөөлөл юм.  Аль нэг салбарт урт удаан хугацаанд ажилласнаар хүн арвин их туршлага хурааж хуримтлуулдаг. Үүнийгээ зөвхөн өөртөө хадгалаад явах биш бусдад тайлбарлаж ойлгуулна, өөрт буй санаа шийдлээ бусдад хүргэнэ гэдэг нь эерэг өөрчлөлтийг авчрах эхлэл гэдгийг маш сайн ойлгож авсан. 

Яг энэ санааг өвөрлөн өөрийн туршлага, сурч мэдсэнээ хуваалцаж, үүнийг хэрхэн Монголын хөрсөнд буулгаж болох талаар богино хэмжээний бичвэр, нийтлэл бичиж Фэйсбүүк хуудсаараа болон iKon.mn-д нийтэлж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Үүний үр дүн бодит амьдралд биеллээ олж, хэн нэгэн санаа аван хэрэгжүүлж байгааг харах нь их урам зориг өгдөг юм билээ. Хамгийн гол нь үр дүнд нь нийгмийн нэг ч гэсэн асуудал шийдлээ олж, иргэд хожиж байгаа явдал юм. Нөлөөлөл гэдгийн цаана нийгэмд ийнхүү олон арван эерэг өөрчлөлт бий болдог юм билээ.



Э. Золзаяа (Байгаль орчин, уур амьсгалын мэргэжилтэн, LEAD Mongolia хөтөлбөрийн 2017 оны төгсөгч)

 

LEAD Mongolia хөтөлбөрийн 2017 оны АНУ дахь солилцооны хөтөлбөрт хамрагдсан маань мэргэжлийн  хувьд бас нэгэн чухал эргэлт болсон.

Хот суурин газруудын байгаль орчин, уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлд ажилладаг тул хотжилтоос үүдсэн байгаль орчны асуудлыг хөндсөн төслийн санаатайгаар анх LEAD хөтөлбөрт орсон. Энэ чиглэлээр идэвхтэй ажилладаг үеийн залуустайгаа танилцан найзалж “Би+Д Өөрөөсөө эхэлье” төслөө амжилттай дуусгаж чадсандаа баяртай байна.

Хөтөлбөрөөс сурсан хамгийн чухал зүйлсийн нэг нь хүндээ ээлтэй хүртээмжтэй хотын шийдлүүд. АНУ-д очоод гудамж, олон нийтийн талбай, барилга байгууламжуудаа хэрхэн хүртээмжтэй, аюулгүй байдлыг дээд зэргээр ханган шийдсэнийг харж биширсэн. Хотын хаана ч өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон бага насны хүүхэдтэй иргэд чөлөөтэй аюулгүй зорчих боломж бүрдүүлснийг хараад одоо хэрэгжүүлж буй Creative 100 төслөө эхлүүлэх урам орсон.

Энэхүү төсөл маань Улаанбаатар хотын гудамж, олон нийтийн талбайг сайжруулахад залуусын сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй, хүртээмжтэй, аюулгүй шийдлүүдийг бий болгох хотын дизайн хөдөлгөөн юм. 2019 оны  наймдугаар сараас хойш бид энэхүү хөдөлгөөндөө хот төлөвлөгч, архитектор, ландшафт архитектор, график болон стрийт артистууд, тавилгын болон чимэглэлийн дизайнер гэх мэт нийт 250 орчим залуусыг нэгтгээд байна. 2021 он хүртэл үргэлжлэх энэхүү төслөө бид хотын орчныг сайжруулах хамгийн бодитой, хамгийн том нөлөөллийн ажил болгохын төлөө олон талын оролцоотойгоор хэрэгжүүлэхээр зорьж байна.Тогтвортой хөгжлийн 11 дүгээр зорилготой иж бүрэн уялдах энэхүү төсөл маань амжилттай хэрэгжсэнээр иргэд алхах, амрах орон зайтай болохын ач холбогдлыг ойлгох, цаашлаад амьдарч буй орчноо сайжруулахад төрийн зүгээс хийгдэж буй ажлуудад хяналт тавьж, өөрсдийн оролцоогоо нэмэгдүүүлэх гэх мэт олон эерэг өөрчлөлтүүд бий болох юм. Машиндаа биш хүндээ зориулсан хотын шийдлүүд гарч ирснээр байгаль орчин, уур амьсгалын сөрөг нөлөөллүүд ч дагаад буурах боломжтой. Энэ талаар цуврал нийтлэлүүд бичин iK

Э.Золзаяагийн нийтлэлүүд: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт



Б. Болорсайхан (Хүний эрх хамгаалагч, LEAD Mongolia хөтөлбөрийн 2016 оны төгсөгч)

 
Зүүн гараас: LEAD Alliance хөтөлбөрийн 2017 оны оролцогч Бутаны төгсөгч Рабсел Доржи, Б. Болорсайханы хамт

LEAD Mongolia хөтөлбөрөөс өөрт төрсөн сэтгэгдлээ гурван үгээр хэл гэвэл эрх чөлөө, эрх тэгш байдал, эв санааны нэгдэл гэж хэлнэ. 

Эрх чөлөө амьдралд маань ямар үнэ цэнтэй, эрх тэгш байдалгүйгээр нийгэм ямар бурангуй, зэрлэг, адгууслаг шинжтэй болдог, хүмүүс асуудал бэрхшээлийг хамтаараа хэрхэн давж, туулсан түүхэн зам мөрийг нүдээр үзсэн. Хэн нэгнийг “Чи чадахгүй юм чинь...”, “Надаас өөр болохоор...” гэж улам гадуурхах, тусгаарлахаас илүүтэйгээр хоорондоо харилцаж, нэг нэгнээ мэдсэнээр хүмүүс нийгэмд эв найртай амьдарч чадна, боловсрол бол “нэхээс”, “цавуу” нь гэж улам итгэх болсон.

Мөн LEAD-ийн хүрээнд төрөлх улсынхаа төдийгүй Бутан, Мьянмар, Киргизстаны залуучуудтай хамтрах, хөгжих, нэг нэгнийхээ амьдрал, соёлтой танилцах ч боломж олддог.

Төсөл удирдах талаар заасан хичээлээс “Гэрийн даалгавраа сайн хийх”, “Асуудалтай нүүр тулж байгаа хүнээс нь асуух”, “Үгийг нь сонсдоггүй, хардаггүй бүлгийг анхаарах” зэрэг гол санааг тэмдэглэсэн байдаг. LEAD-ийн төгсөгчидтэй хөтөлбөр дууссаны дараа ч өөр төсөл, үйл ажиллагаанд хамтрах тохиол цөөнгүй. Жишээ нь Edu Talk подкаст эрхэлдэг Л.Ариунзулын санаачилж, Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөрөөс санхүүжсэн “Ярьдаг гар” төсөлд Д. Номинчимэг тэргүүтэй төгсөгчтэй хамтран ажиллахад дээрх асуултын хариулт л аминд орсон гэж болно. 

Б.Болорсайханы нийтлэлүүд: Хүний эрх, боловсрол


Д. Мандахнаран (Дархлаа судлаач, хүний их эмч, Анагаах ухааны доктор, LEAD Mongolia хөтөлбөрийн 2017 оны төгсөгч)

 

Миний бие LEAD Mongolia 2017 Америк дахь солилцооны хөтөлбөрт хамрагдах хугацаандаа салбар салбарын манлайлагч залуусын хамт эх орондоо болон Америкийн Нэгдсэн Улсын Виржиниа мужийн Их сургуульд цуврал сургалтад хамрагдаж, өөрсдийн сурч мэдсэнээ ашиглан хөтөлбөрийн эцэст нийгэмд тустай төсөл хэрэгжүүлсэн.

Би хөтөлбөрийн хичээлүүд болон баг хамт олныхоо залуусаас шинийг сурч мэдсэнээс гадна олон зүйлийг цоо шинээр харах болсон. Тэрхүү шинэ мэдлэг хандлагаа тус төслийн багтайгаа ажиллахдаа төдийгүй өөрийн мэргэжлийн ажлын талбарт ч хэрэглэсээр байгаагаа дурдахад таатай байна. Тухайлбал, багаар ажиллах шинэ арга барил, ур чадвар болон багийн доторх зөрчлийг шийдвэрлэх стратеги зэрэг олон зүйлсийг өнөө ч өөрийн мэргэжлийн ажилдаа өдөр тутам хэрэглэж байна.

Д.Мандахнарангийн нийтлэлүүд: Дархлаа судлал, анагаах ухаан


Салбартаа манлайлж буй 25-40 насны залууст нийгэмдээ өөрчлөлт шинэчлэл авчрахад нь гүүр болдог LEAD Mongolia хөтөлбөр энэ жил сүүлийн удаа зарлагджээ. 2020 оны АНУ дахь солилцооны хөтөлбөрийн цахим өргөдлийг дараах холбоосоор орж, 5-р сарын 10-ны дотор бөглөх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг LEAD Mongolia хөтөлбөрийн фэйсбүүк хуудаснаас аваарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.