Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Европ тивд эхний хүн коронавирусийн вакцин тариуллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Европ тивийн анхны коронавирусийн вакцины туршилт өчигдөр Британийн Оксфордод эхэлж, эхний хоёр хүн тариулжээ.

Эхний ээлжинд нийт 800 гаруй сайн дурынхан дээр уг вакциныг турших юм. Вакциныг Оксфордын их сургуулийн судлаачид гурван сарын хугацаанд бүтээжээ.

Судлаачдыг Женнерийн хүрээлэнгийн вакцины мэргэжилтэн, профессор Сара Гилберт удирдсан байна. Профессор Гилберт эхэндээ вакцин амжилттай болох магадлал 80 хувь гэж мэдэгдэж байсан бол одоо ямар нэг тоо хэлэхээс татгалзаж, зүгээр л “маш их өөдрөг хүлээлттэй байна” гэж ярих болжээ.

Оксфордын судлаачид өмнө нь өөр төрлийн коронавирус болох Mers-ийн эсрэг вакцин бүтээж, туршилт нь амжилттай болж байсан түүхтэй.

Олон мянган хүн дээр хийсэн туршилтын үр дүнгүүдийг харьцуулсны үндсэн дээр вакцин үр дүнтэй болсон эсэхийг дүгнэх юм.

Туршилтын хоёрдугаар үед 5,000 орчим сайн дурынхан туршилтад хамрагдах гэнэ. Ойрын саруудад Их Британид коронавирусийн тархалт багасвал туршилтад орох сайн дурынхныг олоход хэцүү болно гэж судлаачид болгоомжилж байгаа ажээ.

Тэд мөн тархалт өндөр байгаа Африкийн Кени улсад вакцинаа турших боломжийг судалж байна.

Лондоны Империал Коллежийн хэсэг судлаачид мөн вакцин бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд хүн дээр хийх туршилт нь зургаадугаар сард эхлэх юм.

Оксфордын болон Империал Коллежийн судлаачид засгийн газраасаа нийт 40 сая паундын санхүүжилт авжээ.

Британийн эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок саяхан хоёр багийн ажлын явцыг магтаад коронавирусийн эсрэг вакцин бүтээхэд шаардлагатай бүх зүйлээр хангахаа амласан байна.

Гэхдээ коронавирусийг эмчлэх эм, вакцин аль аль нь ирэх оноос наана бэлэн болохгүй гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

 

Эх сурвалж: BBC