Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Харилцах дансны хүүг хориглосноор зээлийн хүү 0.8-1% буурах боломжтой"

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын үед эдийн засгийг дэмжих хүрээнд УИХ-аас гаргаж байгаа тогтоолд зээлдэгчдэд чиглэсэн нэлээд олон хөнгөлөлт орж байгаа аж. Тухайлбал, зээлдэгчдийн хүүгийн тодорхой хэсгийг гурван сарын хугацаанд төр, арилжааны банкууд нийлээд хөнгөлөх, ипотекийн зээлийн тодорхой хувийг хариуцах зэргээр иргэдийн нуруун дээр ирж байгаа ачааллыг тодорхой хугацаанд хөнгөлөх зохицуулалтууд багтаж байгааг Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир хэллээ. 

УИХ-аар батлагдах гэж байгаа тогтоолын төсөлд цар тахалтай холбоотойгоор Зээлийн хүүг бууруулах гэсэн дэд хэсэг багтжээ. Өөрөөр хэлбэл, эх үүсвэрийн зардал бууруулахад төрийн зохицуулалт шаардлагатай гэдэг дээр Засгийн газар, УИХ, Монголбанк санал нэгдсэн байна. Үүнээс гол өөрчлөлтийг танилцуулбал:

  • Харилцах дансанд хүү төлөхийг хориглоно. Олон улсад ийм зохицуулалт байдаггүй ч Монгол Улс харилцах дансанд хүү тооцож төлдөг. Өрсөлдөөний зарчмаар харилцагчдыг татах гэж ийнхүү хүү төлдөг байдал нь эргээд зээлийн хүүг өндөр байхад нөлөөлдөг. 
  • Одоогоор арилжааны банкууд харилцах дансанд 3.4%, валютын дансанд 1.4 хувийн хүү төлж байгаа. Тэгвэл энэ хүүг төлөхийг хориглосноор зээлийн хүү 0.8-1 орчим нэгж хувиар буурах буюу эх үүсвэрийн зардлыг ийнхүү бууруулна гэж тооцжээ. 
  • Долларжилтыг хязгаарлаж, төгрөгийн хадгаламж байрлуулахыг дэмжих зорилгоор Хадгаламжийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Уг хуулиар 20 сая хүртэлх төгрөгтэй тэнцэх хэмжээний бүх хадгаламж даатгагддаг бол долларын хадгаламжийг даатгахаа болих нь. Зөвхөн төгрөгийн хадгаламжийг л даатгана гэсэн үг. Улмаар бодлогын хүүг цаашид бууруулах орон зай үүснэ гэж тооцжээ.
  • Үүнээс гадна банкны салбарт чанаргүй зээлийн томоохон хувийг бүрдүүлж, 100 мянган хүнийг ажлын байраар хангадаг барилгын салбараа дэмжих хүрээнд ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх шаардлага үүсэж байгаа тул энэ чиглэлээр ажиллах талаар Д.Ган-Очир дурдсан. 
  • Мөн Төв банкны тухай хуулиас хасаж, 2018 оноос хэрэгжихээ больсон, Төв банк хямралын үед уламжлалт бус бодлого явуулж болно гэсэн заалтыг Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуульд оруулах замаар Монголбанк хямралын үед хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм байна.