Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Байдал сайжрахаар сургалтын төвийг нээх тухай хүсэлтийг ХНХ-ын сайд Улсын Онцгой комисст дахин өгөх байх"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу үйл ажиллагаа нь зогсоод буй сургалтын төвүүдийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийсэн билээ. 

Эдийн засгийн байдал хүндэрсэн тул мэргэжлийн байгууллагаас тогтоосон стандарт шаардлагыг мөрдөх нөхцөлтэйгөөр үйл ажиллагааг нь нээхийг тэд шаардаж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлэхээр болсноо энэ үеэрээ мөн зарласан юм.

Сургалтын төвүүд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд харьяалагддаг. Иймд ХНХЯамны хэвлэлийн ажилтан Н.Сарангэрэлээс сургалтын төвүүдийг нээх талаар яам ямар байр суурьтай байгааг тодруулахад “Дөрөвдүгээр сарын 13-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын С.Чинзориг Улсын Онцгой комисст хүсэлт гаргаж, цөөн хүнтэй, ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийж, эрүүл мэндийн байгууллагын заавар зөвлөмжийг баримталж сургалт явуулах зөвшөөрөл, чиглэл хүссэн.

Гэвч хүсэлт гаргасны дараагаар өвчлөлийн тоо нэмэгдэж нөхцөл байдал хүндэрч байна. Байдал сайжрахаар нээх тухай саналаа дахиад тавих байх” гэсэн юм.

Түүнчлэн сургалтын төвийн үйл ажиллагааг нээх тухай асуудлыг Засгийн газраас Улсын Онцгой комисст хүсэлт гаргасны үндсэн дээр Улсын Онцгой комисс шийдвэрлэнэ гэв.

Хотын даргын А521 тоот захирамжаар саун, фитнес, амралтын газрыг нээхээр болсон. Уг захирамж гарах үед 10 хүртэлх хүнтэй сургалтын төвийг нээх тухай хөндөгдсөн. Гэвч энэ нь Засгийн газрын тогтоолтой, ХНХ-ын сайдын тушаалтай тул сайд тушаалаа өөрчилж байж эрх нээгдэх ёстой. Энэ асуудлаар БСШУС-ын болон ХНХ-ын сайдтай санал солилцож байгаа гэдгээ хотын дарга С.Амарсайхан тайлбарласан юм. 

Харин БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Сургалтын төвийн асуудал нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамд харьяалагдахгүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцдаг" гэж байв.