Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тогтохсүрэн: ИТХ-ыг хариуцлагагүй ажиллах юм бол тараана, намын бүлэг байгуулахыг хориглоно

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндсэн хуулийг нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн боловсруулсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан талаараа УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “2018 онд УИХ-аас төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд уг хуулийн төслийг санаачлан, боловсруулсан. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой дөрвөн том өөрчлөлт орсныг органик хуульд тусгах шаардлага гарсан. Хууль нийт зургаан бүлэг 80 зүйлтэй.  

Энэ хуулиар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн чиг үүргийг тодорхой зааж өгсөн. Хоёрдугаарт, хамгийн ойр байгаа нэгжид нь эрх мэдлийг олгоно. Өмнө нь аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн Засаг даргын чиг үүрэг давхцдаг байсан. Үүнийг цэгцэлсэн. 

Хоёр дахь гол онцлог нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох иргэдийн төлөөлөгчийн хуралтай холбоотой хэд хэдэн заалт оруулсан. Тухайлбал, орон нутаг дахь улстөржилтийг багасгах зорилгоор сумын ИТХ-д нэр дэвшигчийг улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй.

Мөн ИТХ-ыг хариуцлагагүй ажиллах юм бол тараана, ИТХ-ын төлөөлөгчийг эгүүлэн татна, ИТХ-д намын бүлэг байгуулахыг хориглосон зэрэг хэд хэдэн өөрчлөлтийг оруулсан. 

Гуравдугаарт, нэгдмэл улсын хувьд Засаг даргыг сонгохдоо аль болох дээд шатны Засаг дарга эсвэл Ерөнхий сайдаас хамааралтай байх зохицуулалтыг хийсэн. 

Дөрөвдүгээрт, орон нутгийн санхүү, эдийн засаг, өмч, татварын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд анхаарсан. 

Тавдугаарт, хот тосгонд засаг захиргааны ямар эрх мэдлийг олгох талаар нарийн тусгасан. 

Энэ хуулийг хэрэгжүүлэхэд бэлтгэл ажил нэлээд шаардлагатай. Хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх байх. Тиймээс энэ хуулийг 2022 оноос хэрэгжүүлэхээр тусгасан” гэлээ.