Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Өнөрсайхан: Үйл ажиллагааг нь зогсоосноор 300 гаруй сургалтын төв дампуурсан

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 1,100 гаруй сургалтын төвийн төлөөлөл болж 120 байгууллага нэгдэн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт шаардах бичиг хүргүүлэхээр болжээ. 

Энэ талаараа өнөөдөр хамтран мэдээлэл хийв. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Күнз ХХК-ийн Ерөнхий захирал Г.Өнөрсайхан "Өнгөрсөн гурван сарын хугацаанд түрээс, багш ажилчдынхаа цалин, зээлийн төлбөрөө өгч чадаагүйгээс 300 гаруй сургалтын төв дампуурсан. Тэсээд үлдсэн сургалтын төвүүд бүгд түрээсийн өр, ББСБ-д хөрөнгөө барьцаалж зээл авсан нөхцөл байдалтай байна" гэв.

Тиймээс дөрөвдүгээр сарын 14-нд 63 сургалтын төв хамтран Шадар сайд Ө.Энхтүвшин, ХНХ-ын сайд С.Чинзориг, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал нарт ариутгал халдваргүйтгэлийг стандартыг хангасан орчинд 10-аас дээшгүй, насанд хүрсэн хүмүүст зориулсан сургалт явуулах хүсэлтийг хүргүүлжээ. Ингэхэд УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраас боломжгүй гэх хариуг өгсөн бол бусад албаны хүмүүсээс хариу өгөөгүй аж.

"Төр засаг бидний эдийн засгийн нөхцөл байдлын огт тоохгүй орхилоо"

 
Гэрэл зургийг mpa.mn

Хурлын үеэр "Төр засаг бидний эдийн засгийн нөхцөл байдлын огт тоохгүй орхилоо. Сургалтын төв гэлтгүй олон үйлдвэр, үйлчилгээний газрууд эдийн засгийн эргэлт саарсны улмаас хаагдаж байгаа тул хоригоо зөөллөөч гэж хүссэн. Ингэхэд саун, иога, фитнесийн төвүүдийг л нээж байгаа нь харамсалтай байна.

Өнөөдрийг хүртэл байж болох бүх нөөцөө шавхаж байгаа. Сайд нар хоорондоо уялдаа холбоогүй ажиллаж, судалгаа шинжилгээ хийхгүйгээр шийдвэр гаргаж байна" хэмээн Эхлэл ХХК-ийн захирал Ч.Батзаяа байр сууриа илэрхийллээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Түүнчлэн DGL хөгжмийн сургалтын төвийн захирал П.Даваацэрэн "Улаанбаатарт 120 гаруй байдгаас 70 гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Хөгжмийн сургуульд нэг цаг дээр нэг хүүхэд л багшаасаа сургалтаа авна. Анхнаас нь цагийн хуваариа зохицуулдаг. Амралтын газар, саун гэх мэт олон хүн цуглардаг газруудаас аюулгүй орчин сургалтын төвд бий" гэлээ.

Цахим сургалт явуулснаар өмнө нь олдог байсан орлогынхоо 15 хувийг бүрдүүлж байна

Бүх шатны сургалтын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоосноор нэгдүгээр сарын 26-наас эхлэн гадаад хэлний сургалтын төвүүд цахимаар хичээллэж байгаа юм. Харин энэ нь танхимын сургалтыг орлох оновчтой шийдэл болохгүй байгааг тэд мэдээллийн үеэр тодотголоо. Учир нь цахим сургалтын төлбөр нь танхимын сургалтаас 30-50 хувь хямд байдаг тул өмнө нь олж байсан орлогынхоо 15 хувийг цахимаар олж байгаа аж.

Мэдээллийг "Үндэсний мэдээллийн төв"-ийн шууд дамжуулалтаар хүргэв.

https://www.facebook.com/nationalpresscenter/videos/233165547890533/