Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөр зургаадугаар сарын 2-нд ил болно

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын ээлжит сонгуульд өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлсэн нам, эвслүүд санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 25-наас өмнө сонгууль оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлэх гэж байна. 

Мөн дөрөвдүгээр сарын 25-наас өмнө бие даагчид мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлэх бол үүнтэй давхцан Үндэсний аудитын газар өмнө нь хүлээн авч, дүгнэлт хийсэн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд хүргүүлэх юм байна.

Сонгуулийн хуульд зааснаар нам, эвслүүд гуравдугаар сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлсэн. Нийт 15 нам, дөрвөн эвслийн 19 мөрийн хөтөлбөрийг ҮАГ хүлээн авснаас шаардлага хангаагүй найман нам, дөрвөн эвслийн нийт 12 мөрийн хөтөлбөрийг буцаасан билээ. Хуулийн дагуу аудитын байгууллагаас тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг шаардлага хангаагүй гэж үзэн буцаасан бол тав хоногийн дотор зөрчлийг арилган дахин хүргүүлдэг. 

Энэ дагуу буцаагдсан мөрийн хөтөлбөрүүдийг дахин хүлээн авах хугацаа дөрөвдүгээр сарын 11-нээр дуусгавар болжээ. Энэхүү хуулийн хугацааг дуусахаас өмнө буцаагдсан мөрийн хөтөлбөрүүдийн зөрчлийг арилган дахин хүргүүлсэн гэдгийг ҮАГ-аас мэдэгдсэн юм. 

МАН-аас нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бүрийг ипотекийн зээлд хамруулах асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан бол АН иргэдийн дундаж цалинг гурван сая төгрөгт хүргэхээ мэдэгдсэн. Харин ирэх сонгуульд эвсэл болж оролцох МАХН иргэдийг урьдчилгаа, хүүгүйгээр орон сууцны зээлд хамруулах нөхцөлийг мөрийн хөтөлбөртөө оруулсан гэдгээ мэдэгдэж байв. 

Үндэсний аудитын газраас найман нам, дөрвөн эвслийн мөрийн хөтөлбөрийг амлалтын шинжтэй гэж үзэн буцаасан. Дээр дурдсан намуудын мөрийн хөтөлбөрт тусгасан асуудлуудыг ч мөн амлалтын шинжтэй гэж үзсэн нь гарцаагүй. 

Хуулийн дагуу нам, эвслийн мөрийн хөтөлбөр санал авахаас 22 хоногийн өмнө буюу сонгуулийн сурталчилгаатай зэрэгцэн олон нийтэд нээлттэй болно. Өөрөөр хэлбэл, 2020 оны зургаадугаар сарын 2-ноос нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, судлах боломж бий болох нь.