Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутнуудын диплом хамгаалалт, анги дэвших болон төгсөлтийн шалгалтыг зургаадугаар сарын 20-ны дотор цахимаар зохион байгуулна

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг бүх шатны боловсролын байгууллагатай холбоотой Засгийн газар, яамны шийдвэрийн талаар танилцууллаа. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1322261744637158/

Их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай салбарын сайдын тушаал 2020 оны дөрөвдүгээр сарын 20-нд гарсан байна. 

Уг тушаалд:

  • 2020-2021 оны бакалаврын зэргийн хөтөлбөрт элсэлт авахдаа босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, хувийн өмчийн дээд сургуульд 410, орон нутгийн өмчийн их, дээд сургуульд 400 байхаар байхаар тогтоожээ. Энэ бол өнгөрсөн жилийн жишиг юм.
  • 2019-2020 оны хаврын улирлын сургалт, диплом хамгаалалт, анги дэвших болон төгсөлтийн шалгалтыг 2020 оны зургаадугаар сарын 20-ны дотор цахим хэлбэрээр зохион байгуулах чиглэл өгсөн байна.  
  • Оюутнуудын төгсөлттэй холбоотой хонхны баярыг ямар нэгэн байдлаар тэмдэглэхгүй байхыг нийт төгсөгчид болон их, дээд сургуулийн удирдлагуудад анхааруулсан байна. Их, дээд сургуулиуд өөрсдийн төгсөгчидтэй холбоотой тэмдэглэлт, баяр ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахгүй гэдгээ илэрхийлжээ. 
  • Засгийн газрын тогтоолоор буцалтгүй тусламж үзүүлдэг оюутнууд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу, хагас, бүтэн өнчин зэрэг 8,460 оюутанд 169 тэрбум төгрөгийн тусламжийг Сургалтын төрийн сангаас олгоно. Тэдгээр оюутнуудыг хичээл сонголт болон төгсөх шалгалтад бүрэн хамруулна. Мөнгөн тусламж нь сангаас орж ирээгүй гэдгээр тухайн оюутныг шалгалтад оруулахгүй байж болохгүй. Эдгээр оюутныг шалгалтад заавал хамруул гэдэг чиглэлийг яамны зүгээс өгсөн байна.
  • Элсэлтийн шалгалтын босго оноог үндэсний хэмжээнд тогтоосон босго онооноос доошгүй байхаар тогтоож, Удирдах зөвлөлөөрөө батлуулж, нээлттэй, цахим хэлбэрээр элсэлтийн шалгалтыг зохион байгуулна. 
  • Их, дээд сургууль, коллежийн элсэлтийг 2020 оны долоодугаар сарын 10-ны дотор орон даяар цахимаар зохион байгуулна.   
  • Их, дээд сургууль, коллежийн сургалтын болон дотуур байрны төлбөрийг оюутантай зөвшилцсөний үндсэн дээр уян хатан байдлаар зохицуулах чиглэлийг өгсөн байна. Төгсөх курсын оюутны дотуур байрны төлбөрийг бүтнээр нь буцааж олгох ёстой гэдгийг салбарын сайд онцоллоо.