Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Утааны эргүүл хийлгэхээр 4.5 тэрбум төгрөг зарцуулах төсөв мөнгөний эрх мэдэл бидэнд ирээгүй

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Хотын Захирагч С.Амарсайхан нийслэлд хийгдэж буй ажлуудын хэрэгжилт болон цаг үеийн зарим асуудлаар ээлжит мэдээллээ хийх үеэр дараах асуултуудад хариулт өглөө.   

- Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг хэзээ хийх вэ?

- Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг өнгөрсөн жил зургадугаар сард хот даяар хийсэн. Энэ жил уг сургалтыг энэ сарын сүүлээр хийхээр ажиллаж байна.  

- Утааны улирал дуусаж байхад 4,500 хүнээр нийслэлд утааны эргүүл хийлгэнэ гэж нэг хүний 250 мянган төгрөгийн цалин нийт 4.5 тэрбум төгрөг зарцуулах гээд байна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулж өгнө үү?

- Энэ асуудал нь Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороон дээр шийдэгдэх ёстой асуудал. Хотод ийм төсөв мөнгөний эрх мэдэл, эрх үүрэг одоогоор ирээгүй. Ер нь бид цаашдаа хавар намрын улиралд утаа, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, түлш, түлээгээ аюулгүй түлдэг байх тал дээр онцгой анхааран, бэлтгэл ажлаа хийж байгаа.

- Урт цагааны түрээслэгчдийг хэзээ бүрэн ажлын байртай болгох вэ?

- Ажлын байртай холбоотой асуудлыг бид сайн ойлгож байна. Гэхдээ ажлын байртай байна гээд амь нас эрүүл мэнд, гэр бүлээрээ хохирох эрсдэл байж болохгүй учраас аль болох бүх боломжоор нь засвар үйлчилгээг нь хийнэ. Энэ талаар Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газартай гэрээ байгуулж, цаашид урт цагааныг ашиглах боломж нь бүрдсэн тохиолдолд хамгийн түрүүнд одоо түрээсэлж үйл ажиллагаа явуулж буй болон явуулах боломжгүй болчихсон иргэд, түрээслэгчид хамрагдана гэдгийг тэмдэглэн хэлье.

- Автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийх үү?

- Олон нийтийг төвлөрүүлэхгүй байхад анхаарах шаардлагатай тул одоогийн байдлаар автомашинд хязгаарлалт хийхгүй гэсэн байр суурьтай байна. Цаашид үнэхээр онцгой шаардлага үүсэх, амь настай холбоотой тохиолдол үүсвэл  хязгаарлалт авахыг үгүйсгэхгүй.

- Газар чөлөөлөлтийг хэрхэн хийж байна вэ?            

- Газар чөлөөлөх ажил хийгдээд явж байна. Гэхдээ олон жил сунжирдаг байдлыг засахаар ажиллаж байгааг ойлгоорой. Мөн Улаанбаатарт буй ашиглалтад орсон түлхүүр нь бэлэн 4,000 гаруй орон сууцыг Монголбанк, УИХ, Засгийн газар, Сангийн яам, СЗХ-той ярилцаж байгаад иргэддээ эргэлтэд оруулах буюу иргэд түрээслээд өмчлөх боломжтой байхаар шийдэх ажлын эхлэлийг тавин, ажиллаж байна.  

Мөн Дамбадаржаа төвийн Дулааны цахилгаан станцын ажил удахгүй эхэлнэ.

 

ВИДЕО: 

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/3001019719960301/