Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хуулиудыг тавдугаар сард багтаан хэлэлцэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, бүлгийн дэд дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар мэдээлэл хийлээ. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Хаврын чуулганаар хэлэлцэх чухал шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрсэн. Мөн коронавирустэй холбоотой бие даасан хууль батлахтай холбоотойгоор төслийн талаар санал солилцсон. Цаг үеийн асуудал болон ноолуурын үнэ, хаврын тариалалтын бэлтгэх ажлыг хангах чиглэлээр хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрсэн.

Энэ тавдугаар сарын 25-аас эхлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулан батлах 40 гаруй хууль байгаагаас 10 орчим хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх шаардлагатай байгаа аж. Тухайлбал, УИХ-ын тухай хууль, дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зэрэг хуулиудыг хэлэлцэх шаардлагатай учраас тавдугаар сардаа багтаан хэлэлцэж дуусгахаар бүлэг зөвшилцсөн" гэв. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Коронавирусийн халдвар цар тахалтай холбоотойгоор нэг удаагийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хууль хорио цээрийн дэглэм дууссан өдөр хүчингүй болох юм. Өнгөрсөн хугацааны үйл явдал, туршлага, олон асуудлыг дүгнэж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай нөхцөлд иргэдийн эрхэд тодорхой хязгаарлалт хийх зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт юм. Гол зарчим нь Засгийн газарт онцгой үүрэг өгч, холбогдох албаныхны үүрэгжүүлж, тусгай албан хаагчдын нийгмийн асуудлыг онцгой анхаарах зэрэг асуудлыг хуульд тусгасан.

Ялангуяа Монгол Улсад УИХ-ын сонгууль зохион байгуулахад том үүрэг гүйцэтгэх хууль юм. Цар тахалтай холбоотойгоор төрийн болон аж ахуй нэгж, иргэдийн эрх үүргийг зааж өгч, хариуцлагын асуудлыг чангатгасан. Хүний эрх зөрчигдөхөөс, зүй зохисгүй халдах, арьс өнгөөр ялгаварлахгүй байх зэргийг бодлогын хувьд тусгасан. Хэвлэл мэдээллийн гол үүрэг нь иргэдийн эрхийн хязгаарлалт, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хяналтаа алдах үед маш сайн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хуульчилсан. Хуулийн төслийг бүлэг мөн дэмжиж, онцгой горимоор хэлэлцэнэ" гэлээ. 

-Иргэд маск зүүгээгүй бол ямар хариуцлага тооцох вэ. Хариуцлагыг хэр зэрэг нэмэгдүүлсэн бэ?

УИХ-ны гишүүн Ж.Энхбаяр: -Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар шийтгэх бөгөөд торгуулийн арга хэмжээг нь өндөрсгөсөн. Торгуулийг өндөр болгож, шаардлагатай бол эрхийг нь хязгаарлах, баривчлах ч арга хэмжээ авч болохоор зохицуулсан. 

-Онцгой нөхцөлд алба хааж байгаа алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг тодруулахгүй юу?

-Төрийн тусгай чиг үүргийн байгууллага цаг наргүй ажиллаж байна. Хүний нөөц хязгаарлагдмал байгаа. Иймд илүү цагийн хөлсийг өнөөдрийг хүртэл бодож олгоогүй байгааг хуульчилж олгох, мөн онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдэх асуудлыг тусгасан.