Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: 11 мянган айл өрх, үйлдвэр үйлчилгээний байгууллагууд дулаан, цэвэр, бохир усны шугамд холбогдох боломж үүсэж байна

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

COVID-19-ийн өвчлөлтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар нээлттэй мэдээллийг иргэддээ өгч ажиллахыг зорьж буйг тэрбээр мэдээллийн эхэнд онцлов. 

Үргэлжлүүлэн "Манай хот дэлхийн 40 гаруй хоттой хамтын ажиллагаатай. Бид мэдээллийг байнга солилцож, туршлага судлан ажиллаж байна. Мөн цаг алдалгүй авах ёстой арга хэмжээгээ дүрэм журмын хүрээнд авч хэрэгжүүлэхээр ажиллаж, иргэдээ мэдээлэлтэй байлгах зарчмыг баримталж байгаа билээ.

Хотын эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор дээрээс өгсөн үүргийн дагуу зарим газрыг шат дараатай нээж байна. Ингэхдээ тухайн газруудад хариуцлагатайгаар ажлаа үргэлжлүүлэх боломжийг нээн, ариутгал халдваргүйтгэлийн хяналтад нь анхаарч буйг дурдъя.  

Түүнчлэн бид "Хотын соёл" аяныг эхлүүлсэн. Хотын соёл нь маш өргөн агуулгатай бөгөөд өнөөдөр цаг үе өөрчлөгдөж хүссэн хүсээгүй дэлхийн хотын жишгээр хөгжихийг шаардаж байна. Үүний хүрээнд хийгдэж буй ажлууд удахгүй үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. 

Бүтээн байгуулалтын ажлын тухайд, өвчин гарсантай холбоотойгоор тодорхой хэмжээний хязгаарлалтууд хийгдэж байгаа ч амьдрал цаашид үргэлжлэх ёстой учраас зам, барилгын төлөвлөсөн ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, гэр хорооллын айл өрхүүдийн асуудал орхигдоогүй. Гэр хорооллын асуудлыг шийдэхгүйгээр бид хотын ажил амьдралыг ярих боломжгүй тул хотын удирдлагууд онцгойлон анхаарч ажиллаж байна. Үр дүнгээ эхнээсээ өгч байна. Ханын материалын Дулаан дамжуулах дэд станц ашиглалтад орсон бөгөөд тавдугаар сард ашиглалтад бүрэн хүлээлгэж өгнө. Ингэснээр Хилчин хотхон, Баянхошуу, Жанцан орчмын 11 мянган айл өрх, үйлдвэр үйлчилгээний байгууллагууд дулаан, цэвэр ус болон бохирын шугамд холбогдох боломж үүсэж буй.

Түрээслээд өмчилдөг орон сууцны ажлууд мөн эхэлсэн ба эхнээсээ 5 га газрын газар чөлөөлөлт хийгдсэн явж байна" гэв. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/3001019719960301/