Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад анх удаа Их сургуулийн эмнэлгийн хуулийн хэлэлцүүлэг явагдаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

АШУҮИС-ийн профессор, эрдэмтэн багш нар, Их сургуулийн эмнэлгийн эмч, мэргэжилтэн, сувилагч, ажилтны төлөөлөл Эрүүл мэндийн тухай хуульд Их сургуулийн эмнэлгийн тухай нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтэд,

Япон улсын Засгийн газрын  буцалтгүй тусламжаар Монгол улс түүхэндээ анх удаа Их сургуулийн эмнэлэгтэй болсон билээ.

Их сургуулийн эмнэлэг нь монгол хүн эх орондоо япон технологи, стандарт бүхий хөгжингүй орнуудын жишигт нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж буйн зэрэгцээ Монголын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх мэргэжилтэн бэлтгэх, эмнэл зүйн үйл ажиллагаа, сургалт,  судалгааг цогц байдлаар зохион байгуулах эмнэлгийн тусламж үйлчилгээний шинэ төрлийн байгууллага болно.

Их сургуулийн эмнэлэгт сургалтын үйл явцыг шинжлэх ухаанд суурилсан судалгаа, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгуурлан явуулдаг нь анагаах ухааны боловсрол олгох үндсэн аргачлал болдог. Нөгөө талаас шинжлэх ухаанд суурилсан судалгаандаа үндэслэн анагаах ухааны шинэ технологийг боловсруулж,  тэрхүү шинэ нээлт, ололт амжилтаа эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлдэгээрээ Их сургуулийн эмнэлгүүд нь тухайн орныхоо хамгийн шилдэг эрүүл мэндийн байгууллага нь байдаг.

Япон улсын ард түмний буцалтгүй тусламжаар баригдсан эмнэл зүй, сургалт, судалгааны цогцолбор болсон Их сургуулийн эмнэлэг ашиглалтанд орж,  амбулаторийн үйл ажиллагаагаа эхлээд зургаан сар болж байна.

Их сургуулийн эмнэлгийн эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Эрүүл мэндийн сайд Улсын  их хуралд өргөн барьжээ.

Энэхүү хуулийн төслийн хүрээнд Их сургуулийн эмнэлгийн тухай дараах нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг эрхэм гишүүд та бүхэн хүлээн авч, нааштай шийдвэрлэнэ гэдэгт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн хамт олон гүнээ итгэж байна.

  1.  Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.15-д “Их сургуулийн эмнэлэг” гэсэн заалтыг шинээр  оруулах
  2.  Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн 16.1.19-д  “Их сургуулийн эмнэлэг нь Анагаах ухааны боловсрол олгох их сургуулийн түшиц, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг  байна” гэсэн тодорхойлолтыг  “Их сургуулийн эмнэлэг нь Анагаах ухааны боловсрол олгох Их сургуулийн харьяа,сургалт, судалгааны ажил эрхлэх, төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг үзүүлэх цогцолбор байна” гэж  өөрчлөх.

 

Хүсэлт гаргасан: АШУҮИС-ийн профессор, эрдэмтэн багш нар, Их сургуулийн  эмнэлгийн  эмч,мэргэжилтэн, сувилагч, ажилтны төлөөлөл гэжээ.