Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Амралт, фитнес, сауны үйл ажиллагааг нээх түр журмыг өнөөдөр УОК-ын Шуурхай штабт танилцуулна

ikon.mn
2020 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд иргэдийг олноор цугларч эрсдэл  үүсэхээс сэргийлж амралтын газруудыг ажилуулах болон саун, фитнесийн үйл ажиллагааг ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, журам гаргаад шат дараатай нээх болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлсэн.

Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд нийслэлийн Онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг өчигдөр хуралдаж, зарим амралтын газар, фитнес заал, сауны үйл ажиллагааг шат дараатайгаар нээх асуудлаар хэлэлцэж, санал солилцлоо.

Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар дэлхийн олон улсад тархаад буй COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрбээр “ДЭМБ-аас өгсөн мэдээллээр вирусийн халдварын улмаас 126 мянга 754 хүн нас барж, 484 мянга 597 хүн эдгэжээ. Халдвар АНУ, Франц, Швейцар, Их Британи, Герман, Туркт өндөр байна.

Тархац хурдан, халдвар олон хүнийг хамарч байна. Халдвар 2-3 дахин эрчтэй явж байна. Монгол Улсын хувьд 1,672 иргэнийг тусгаарлалтад байлгаж байна.

Гадаад улсаас 30 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс тав нь эмчлэгдсэн.  Өнөөдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Ажиглалтад байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байна” хэмээн мэдээлэв.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан  “COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж ажиллахын зэрэгцээгээр Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн хүрээнд НОК-ын шуурхай ажлын хэсгийн гишүүд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа амралт, фитнес, сауны үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөлд тухайн аж ахуйн нэгжүүдэд тодорхой үүрэг хүлээлгэх тухай заалт, ажиллах орчин нөхцөлийн талаарх түр журамд тусгах саналаа нэгтгэж өгөх, нэгтгэсэн саналыг  НОК-ын нарийн бичгийн дарга  Д.Оюунбат, НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа, Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар боловсруулж, өнөөдөр Улсын онцгой комиссын Шуурхай штабд танилцуулах”-ыг үүрэг болгожээ.

Энэ дагуу НОК-ын шуурхай ажлын хэсгийн гишүүд дээрх байгууллагуудын үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан олон нийтэд учирч болох эрсдэлээс хэрхэн сэргийлэх түр журамд оруулах саналаа илэрхийлэн хэлэлцлээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс