Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх хүсэлтийг байнгын хороо дэмжлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн УИХ-ын даргад гаргасан чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/513227879346889/

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Үндсэн хууль дээр УИХ 76 гишүүнтэй байна гэж заасан. Гэтэл одоо гурав дахь гишүүн нь явах гэж байна.

Б.Батзориг гишүүнийг өргөдлөө өгөөд явах ёстой гэж бодохгүй байна. Энэ хүн танай намын даалгавраар явсан. ЖДҮХС-аас УИХ-ын 49 гишүүн зээл авсан. АТГ ноолоход амар гэж Б.Батзоригийг оролдож байгаа. Түүнээс захиалсан хүнийг нь шийтгээгүй. Нэг нэгээр нь гишүүдээ алдаад байгаа намыг иргэд сонгох уу. 76 гишүүнтэй байна гэдэг 76-уулаа байна гэсэн үг. Сонгууль ч хийдэггүй, хүмүүсээ алдаад байгаа нь УИХ-ыг дархлаагүй болж байна. Тиймээс энэ хүнээ авч үлдье. Нэг хүнээ явуулчихаад нөгөө 48 нь ичихгүй байна уу.

Хэрэв энэ хүнээ явуулж байгаа бол та нар ичиж үхээрэй. 950 тэрбумын нөхдүүд бүгд өргөдлөө өг. Үгүй бол энэ хүнээ үлдээгээд сонгуулиар дүнгээ тавиул" гэв. 

Ийнхүү О.Баасанхүү гишүүнээс өөр асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалтыг нууцаар явуулав.

Санал хураалтын дүнг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан бөгөөд санал хураалтад оролцсон 11 гишүүний 10 нь дэмжжээ.

Уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэнэ. 

Хэргийн талаар эргэн сануулахад, 2018 оны сүүлчээр ХХААХАҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан их хэмжээний зээл авсан нь олон нийтэд ил болсон билээ. 

Бидэнд олдсон мэдээллээр тухайн үеийн УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, нэг дэд сайд ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой болсон. Уг зээлийг олгогдох үед салбарын сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийг 2018 оны арваннэгдүгээр сард албан тушаалаас нь огцруулсан юм.

Харин өдгөө уг хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан дөрвөн гишүүний хоёрынх нь буюу Д.Дамба-Очир, Г.Солтан нарын хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд намын даргын зүгээс тэднийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа гэх мэдээлэл бий. 

Харин Б.Ундармаа, Л.Энхболд нарын холбогдсон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгааг АТГ-аас мэдэгдсэн билээ.