Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа Монголынхоо ирээдүйд хөрөнгө оруулахад чиглэдэг

ikon.mn
2020 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
АТГ-ын Фэйсбүүк хаягаас ашиглав

Энэ гарчгийг хараад та гайхсан байх.

Гайхах нь ч аргагүй.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр АТГ-тай холбоотой гарч буй мэдээлэл голдуу авлигын гэмт хэрэгтэй, албан тушаалтнуудын авлига, ашиг сонирхлын зөрчил, тэгээд бас баригдсан, хоригдсон талаар мэдээлэл түлхүү харагддаг. Цаашлаад АТГ нь улс төрийн дарамт, нөлөөнд автдаг гэдэг шүүмжлэлүүд ч тасрахгүй. Ер нь өрсөлдөгчөө “намнах” гэдэг үг улс төрд энэ газартай холбогдож үүссэн гэхэд болно.

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдалтай холбоотой олон улсын харьцуулсан судалгаагаар Монгол Улсын үзүүлэлт дорвитой өөдлөхгүй байгаа. Транспэрэнси  Интернэшнл байгууллагын “Авлигын төсөөллийн индекс”-ээр л гэхэд Монгол Улс 2019 онд 13 байраар ухарч 106-д орсон.

АНУ-д төвтэй Хэритэж Сангаас гаргадаг “Эдийн засгийн эрх чөлөөний индекс 2020” тайланд Монгол Улсыг “Авлига нь улс төрийн соёлд нэвчсэнээрээ ардчилалд халтай хэмжээнд хүрсэн. Институци сайн бэхжээгүй тул авлигын эсрэг арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж чаддаггүй”1 гэж дүгнэсэн байдаг.

Монгол Улс Авлигатай тэмцэх газрыг 2007 онд анх үүсгэн байгуулсан бөгөөд хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага юм. Тус байгууллагын үндсэн чиг үүргээс “Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх буюу түүнийг илрүүлэх зорилгоор хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, гүйцэтгэх ажил явуулах гээд чиг үүрэгтэй бөгөөд дээр дурдсанаар бид аль хэдийнэ танил болсон байж мэдэх юм. Өнгөрсөн 2019 онд гэхэд л АТГ 1,559 үйлдэлтэй, 481 холбогдогчтой 1,300 хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бол шүүхээр 68 авлигын хэрэг шийдвэрлэгдсэн байна.

Бас тус газрын 2019 онд мөрдөн шалгасан хэргийн улмаас 12.1 их наяд төгрөгийн хохирол учирснаас 11.3 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 9.7 их наяд төгрөгөөр үнэлэгдэх эх хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Үүнээс гадна албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, хяналт тавьдагийг бид мэднэ.

Харин “Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах” ажлынх нь талаар бид хэр мэдэх вэ? Уг нь энэ чиг үүрэг хамгийн чухал бөгөөд бидний оролцох, хувь нэмрээ оруулах боломжтой ажил нь гэдгийг мэдэх үү?

Ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт

Авлига гэдэг бол өргөн хүрээтэй ойлголт. Уг үндсийг нь хөөгөөд явбал хүний шударга ёсны мэдрэмж, суурь хүмүүжилтэй холбоотой асуудалд тулж очдог. Үүнийг зөв оношилж эрүүлжүүлэхийн тулд АТГ олон чиглэлээр байнга судалгаа шинжилгээ хийж, түүнийхээ үр дүнг нээлттэй танилцуулж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулж байдгийг бид төдийлөн мэддэггүй. Тэдгээр судалгааны нэг болох “Хүүхдийн шударга байдлын судалгаа”- ны 2019 оны тайлангаар “Хүүхдүүд нас ахин анги дэвших тусам тэдний шударга байдлын түвшин буурч байна” гэсэн дүгнэлтийг онцолжээ. Улмаар “Эцэг, эх нь шударга байдлаараа гэр бүл, үр хүүхдүүддээ үлгэр дуурайлал үзүүлж байх” шаардлагатай байгааг зөвлөсөн байна2. Харин АТГ- с хүүхдүүдийн шударга байдлыг унагалгүй хадгалах тал дээр олон янзаар арга хэмжээ авч байгаагаас жишээ татвал “Найзын яриа”, “Шударга тоглоё” зэрэг контентууд билээ. Томчууд бид өдөр тутмын үйлдлээрээ хүүхдүүддээ буруу үлгэр дуурайлал үзүүлээд, нөгөө талд АТГ-ыг ажлаа хийсэнгүй гэж шүүмжлэх нь хэр зохистой вэ?

Эдгээр видеог та хүүхдүүдтэйгээ хамт үзээд үүний тухай ярилцаад үзээрэй.

Тантай хамтрах нь

Ер нь АТГ хүүхэд залуусыг багаас нь авлигаас ангид, шударга, зөв хандлагатай хүмүүжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх болон олон нийтэд авлигын хор уршгийг ойлгуулах тал дээр сургуулиуд, төрийн болон ТББ-уудтай тун нээлттэй хамтран ажилладаг. Үүний дотор “World Learning” ТББ-аас хэрэгжүүлдэг “Lead Mongolia” төслийн жил жилийн “Авлигын эсрэг, ил тод байдлын баг”-ийнхантай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсээр ирсэн.

Тэдний зохион байгуулж буй авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг соёл хандлагыг төлөвшүүлэх сургалтад 2017 онд 11 мянга, 2018 онд 21 мянга, 2019 онд 25 мянга гаруй нийтийн албан хаагч бизнес эрхлэгчид, иргэд хамрагдсан байна. Мөн өнгөрсөн жил Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн сан зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтран нийслэлд гэхэд л 12 мянга гаруй сурагчдыг шударга ёсны хөтөлбөрт хамруулж сургасан байна. Үүний тухайд “Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил бол нэг хүний ур чадварын гэхээсээ илүү багийн, оролцоонд тулгуурладаг, нийтийн ажил юм. Авлигын гэмт хэргийг илрүүлэхэд түвэгтэй байдаг. Харин түүний хор уршиг биднээс гадна бидний үр хүүхэд, хойч үед илүү ноцтой нөлөөлж байдгийг бид ойлгож, ухамсарлах ёстой юм” гэж АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш дурдсан юм.

Уншигч Та ч гэсэн АТГ-д албан ёсоор хүсэлт тавьснаар байгууллага, хамт олноороо авлигын эсрэг сургалтад хамрагдах боломжтой юм.

Шүгэл үлээх утас 110

Ер нь ямар ч шударга бус байдалтай хийх тэмцэл түүний тухай мэдээллийг өгөх зориг гаргахаас эхэлдэг. Олон улсад ч Авлигатай амжилттай тэмцсэн туршлагуудын нэг нь ийм зориг гаргахыг дэмжих буюу “шүгэл үлээгчид”-тэй ажиллах байдаг.

Авлигатай тэмцэх газраас гомдол, мэдээлэл хүлээн авах дугаарыг шинэчилж, элдэв код шаардахгүй, төлбөргүйгээр шууд холбогдох боломжтой 110 дугаарын утсыг өнгөрсөн оноос ажиллуулж эхэлжээ. Энэ утсаар авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, холбогдох зөрчил гаргасан албан байгууллага, албан тушаалтныг шалгах юм. 110 дугаарын утсаар албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг болон төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүй, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд үнэ төлбөргүй хүлээн авч байна.

Иргэдийн оролцоо

Авлига гэдэг нь хүний мөн чанартай салшгүй холбоотой ойлголт болохыг дээр дурдсан. Эртний Египт, Хятад, Грекийн үлгэр туульст ч авлигын хор уршиг, ашиг хонжоо, бас гэм нүглийн тухай гардаг билээ. Одоогоор Авлига, ил тод байдалтай холбоотой асуудлыг хамгийн амжилттай шийдсэн гэгдэг Сингапур, Швейцарь зэрэг орнуудын өнгөрсөн түүхийг сөхвөл байнга ийм байгаагүй нь тодорхой болно. АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ч гэсэн авлига арилаагүй, харин хэлбэрээ өөрчлөн оршдог гэдгийг хүлээн зөвшөөрч, шүүмжилж байдаг. Тэдний амжилттай туршлагын нэг бол иргэдийн оролцоо юм.

Иймээс Авлигатай тэмцэх газар үйл ажиллагаа явуулж эхэлсэн 13 жилийн хугацаанд бидэнд мэдэгдэх дорвитой өөрчлөлт гараагүй байж болох юм. “Гэхдээ манай ажлын үр дүн зайлшгүй гарна. Авлига олон төрөл. Зөвхөн хээл хахууль буюу мөнгө төгрөг өгч авах авлига гэж ойлговол өрөөсгөл. Албан тушаалаа урвуулах, ах дүү танил талдаа давуу байдал олгох, ашиг сонирхлын зөрчил, албаны мэдээллийг амин хувьдаа ашиглах гээд амьдрал дээр олон хэлбэрээр илэрч байдаг. Харин албан тушаалтан бүр хариуцсан хариуцсан зүйлээ шударгаар хийдэг, хийхийн төлөө зүтгэдэг, нэг ч гэсэн иргэн сонгуульд саналаа өгөхдөө шударгаар ханддаг болох нь бидний ажлын үр дүн” гэж ахлах комиссар Д.Цэнд-Аюуш онцолж байна. Харин тэдний ажлын амжилт бидний хүүхдүүдийн амьдрах нийгэмд нөлөөлөхийг иргэд бид ухаарч ойлгож, дэмжиж, хамтран ажиллах шаардлагатай билээ.

Тэдэнтэй АТГ-ын Олон нийтийн төв гэсэн https://www.facebook.com/iaacmn хаягаар нэгдэж болно.

 

Энэхүү эхийг Lead Mongolia - 2019 оны “Ил тод байдлыг сайжруулах, авлигын эсрэг” багтай хамтран бэлтгэв. Та энэхүү нийтлэл таалагдсан бол #БидэндҮйлчилсэндБаярлалаа #ThankYou4YourService #LeadMongolia хаштагтайгаар хуваалцана уу.

 

1 https://www.heritage.org/index/pdf/2020/book/index_2020.pdf

2 https://www.iaac.mn/news/khuukhdiin-shudarga-baidliin-sudalgaa-2sh19