Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжив

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Пүрэвдорж нарын тус бүрдээ өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Оюундарийн 2019 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Уг хуулийн төсөлд нийт татвар төлөгчийн бүртгэлтэй худалдан авалтыг татварын ачааллыг бууруулах /буцаан олголтын хувийг нэмэх/ замаар эрчимжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлж, улмаар далд эдийн засгийн хэмжээг бууруулах, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангах зэрэг асуудлыг тусгажээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар татвар төлөгч иргэдэд буцаан олгогдох мөнгө тодорхой хэмжээгээр нэмэгдэж, татварын тэгш, шударга байх зарчим бүрэн хангагдана. Олон улсын жишигт нийцсэн, тогтвортой татварын орчинг бий болно хэмээн хууль санаачлагч танилцуулсан. 

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НӨАТ нь улсын төсвийн 30 хувийг  буюу гуравны нэгийг бүрдүүлдэг. Буцаан олголтын хувь хэмжээг нэмбэл ойролцоогоор 1.3 их наяд төгрөг хасагдана гэж тооцвол тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг тавьж чадахгүйд хүрнэ. Иймд Засгийн газар зарчмын хувьд дэмжих боломжгүй гэв. 

Ингээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Харин дараа нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Уг хуулийн төсөлд бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар татвар ногдуулж байгааг таван хувь болгон бууруулах тухай тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, татвар төлөгчдийн бааз нэмэгдсэнээр эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл байдал бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй байх боломжтой гэж төсөл санаачлагчид үзсэн байна. 

Санал хураалт явуулахад уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, боловсруулсан түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж шийдвэрлэхийг холбогдох сапбарын сайд, дарга нарт даалгасан. Үүний дагуу Засгийн газрын 2018 оны 387 дугаар тогтоолоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үүрэг бүхий төрийн өмчит “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулан ажиллаж байгааг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа. 

Одоогийн байдлаар тус компани нь өдөрт 3,000 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөж өдөрт 3,500 хүртэл тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 19/12 дугаар тогтоолоор сайжруулсан хатуу түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор сайжруулсан хатуу түлшний нэг тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоосон. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон өртгөөр борлуулахад 1 тонн нь 165 мянган төгрөг буюу 1 тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа нь гэр хорооллын өрхийн худалдан авах чадварыг бууруулах, улмаар амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхөөр байгааг төслийн танилцуулгад онцолсон. 

Иймээс сайжруулсан шахмал түлшийг “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг боловсруулсан бөгөөд сайжруулсан шахмал түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг өмнө нь төсөвт хураан авч төвлөрүүлж байгаагүй, шинээр авч эхэлж байгаа тул төсвийн орлогод нөлөө үзүүлэхгүй гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд  танилцуулгадаа тодотгов.

Ийнхүү Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжлээ.