Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны эхний улиралд 18,663 шинэ хүүхэд мэндэлжээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын хэмжээнд 2020 оны эхний улиралд 18,530 эх амаржиж, 18,663 хүүхэд төрүүлжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 295 (1.6%)-аар, төрсөн хүүхэд 311 (1.7%)-ээр тус тус өссөн үзүүлэлт байсныг Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн 2020 оны гуравдугаар сарын статистик мэдээллийг танилцуулах үеэр онцлов.

 
гэрэл зургийг MPA.mn

ҮСХ-ны Шинжилгээ судалгаа, түүврийн албаны ахлах статистикч Н.Өлзийханд "Амаржсан эхчүүдийн 13.8 мянга (74.7%) нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 255 (1.9%)-аар нэмэгдсэн байна. Мөн 74 (0.4%) нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үетэй адил байна.

Харин гуравдугаар сард 6,640 эх амаржиж, өмнөх сараас 958 (16.9%)-аар нэмэгджээ. Амаржсан эхчүүдийн 4,922 (74.1%) нь 6, түүнээс дээш удаа хяналтад хамрагдаж, өмнөх сараас 624 (14.5%)-өөр нэмэгджээ. 

Хүүхдүүдийн хувьд улсын хэмжээнд 2020 оны эхний улиралд 18.7 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 311 (1.7%)-ээр нэмэгдсэн. 

Нийт амьд төрсөн хүүхдийн 18.0 мянга (96.4%) нь төрсний дараа нэг цагийн дотор хөхөө амласан бөгөөд өмнөх оны мөн үеэс 265 (1.5%) -аар нэмэгдсэн бөгөөд 163 (0.9%) нь төрөлхийн гажигтай, 889 (4.8%) нь 2,500 граммаас бага жинтэй байсан байна. 

1,000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Говь-Алтай, Говьсүмбэр, Орхон, Увс, Баян-Өлгий, Ховд, Өмнөговь, Дорнод аймагт улсын дунджаас 0.1-0.9 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.1-2.9 пунктээр доогуур байна" гэлээ.