Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 2023 онд дуусах ёстой"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотод 55 жилийн дараа анх удаа Сонгинохайрхан дүүргийн нутагт шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр эхлүүлсэн.

Шинэ цэвэрлэх байгууламж барих төслийн нийт өртөг 267 сая ам.доллар бөгөөд Барилга, хот байгуулалтын яам нь төслийн гүйцэтгэгчээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консорциум”-ыг сонгон шалгаруулж түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй.

Гэвч COVID-19 халдварын улмаас барилгын ажил эхлэхгүй байгаа гэх мэдээлэл иргэдийн дунд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор  Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нэгжийн зохицуулагч Т.Болорчулуунаас тодрууллаа.

"Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажил яг эхлээгүй ч зураг төслийн ажил явагдсаар байна"
 

-Шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажил аль шатандаа явж байна вэ?

-Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн гэрээ 2019 онд хийгдсэн бөгөөд үндсэн бэлтгэл ажлууд ч өнгөрсөн онд эхэлсэн.

Энэ төслийн хүрээнд нийт 17.7 га талбайд 38 барилгын объект баригдах юм. Хамгийн эхэнд бид Биологи цэвэрлэгээний барилга байгууламжийн бэлтгэл ажлыг хангасан. Энэ төсөл маань түлхүүр гардуулах буюу олон улсын EPC гэрээний хүрээнд хийгдэж байгаа ажил бөгөөд объектууд нь 262.7 ам.долларын өртөгтэй. 

Ийм том хэмжээний объектын зураг төсөл жилийн дотор хийгдээд дуусчихдаг юм биш. Өөрөөр хэлбэл, шинэ цэвэрлэх байгууламжийн зураг төсөл нь гурван үе шаттайгаар боловсруулагдаж байж барилга угсралтын ажил явагдаж, 2023 онд дуусах ёстой.

2020 оны зургаадугаар сард барилгын ажлын иж бүрэн нарийвчилсан зураг нь гарна. 2019 онд бол Барилгын тухай хуулийн дагуу эхний хэсгийн зургаа л батлуулсан. Түүний хүрээнд Биологи, технологийн цэвэрлэгээний байгууламжийн суурь ажлууд эхэлсэн юм.

Нарийвчилсан зургуудын хувьд, бүх инженерийн цэвэрлэгээний технологийн барилгын зургуудыг дуусгана. Дараа нь гадна орчны тохижилт болон бусад жижиг барилгын ажлын зураг дуусах ёстой.

-Зөвхөн зураг төслийн ажил нь хийгдэж байгаа гэж ойлгох уу. Тэгвэл барилгын ажил хэзээнээс эхлэх вэ?

-Сошиал орчинд иргэдийн дунд "Шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажил тэг зогслоо" гэсэн мэдээлэл явж байна. Үүнд хариулт хэлэхэд, барилгын ажил зогсоогүй.

Манайхан газар ухсанаар л барилгын ажил эхэлсэн гэж ойлгодог нь буруу. Өнөөдөр шинэ Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил нь яг эхлээгүй ч зураг төслийн ажил явагдсаар байна.

Ер нь манай улсад хөрсний гүн хөлдөлт гэсэж, газар ухах бололцоотой болсны дараа буюу дөрөвдүгээр сарын 20-ноос хойш барилга угсралт, газар шорооны ажил эхэлдэг. 

Тэр хүртэл нь бид зургуудынхаа нарийвчилсан зүйлсийг хийж тохиролцож байгаа учир барилгын ажил явагдаж байна гэж үзэж болно.

Түүнээс гадна газар чөлөөлөлт болон газрын давхцлыг арилгах гэх мэт Монголын талын хүлээсэн үүрэг бий.

Ерөнхий барилга байгууламж нь хуучин Төв цэвэрлэх байгууламжийн хашаан доторх талбайг ашиглахаар тусгагдсан боловч инженерийн дэд бүтцүүддээ холбогдоход газрын давхцлыг арилгах, чөлөөлөх ажлууд хийгдэж байна.

Газар чөлөөлөлтийн асуудал гэхэд өнгөрсөн долоо хоногт шийдэгдсэн. Бид дөрөвдүгээр сардаа багтаж зарим ажлууд эхлэх бололцоо нөхцөлөө ханган ажиллаж байна.

- Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажилд БНХАУ-аас хэчнээн хүн ажиллах ёстой гэж гэрээнд тусгагдсан бэ. COVID-19 халдварын тархалт саараагүй байгаа энэ үед тэд ирж ажиллах боломжтой юу?

- Уг нь шинэ цэвэрлэх байгууламжийн газар шорооны ажил эхлэхэд БНХАУ-аас инженер, техникийн 400 ажилтан орж ирэх ёстой. 

Гэвч коронавирусийн халдвартай холбоотой янз бүрийн хөдөлгөөнөөс хамаарч бид онц шаардлагатай гэж үзсэн 45 инженерийг л оруулж ирэхээр ярьж байгаа. Гэхдээ тэднийг оруулж ирэх эсэх асуудлыг Улсын Онцгой комисс шийдвэрлэнэ.

Яагаад 45 хүнийг заавал оруулж ирэх шаардлагатай гэж үзэж байгаа вэ гэвэл, энэ ажил бол хоёр улсын гэрээний үндсэн дээр хийгдэж буй бөгөөд ерөнхий санхүүжилт нь БНХАУ-ынх. Тиймээс ажлыг эхлүүлэхэд тухайн улсаас онц шаардлагатай 45 хүн орж ирж байж энэ ажил үргэлжилнэ.

Гэхдээ Монгол Улсын Засгийн газраас хүлээсэн үүргийн дагуу төслийн нэгж маань ажлаа энэ хугацаанд хэвийн хийгээд явж байна.

-Хэрвээ улсын онцгой комиссоос оруулж ирэхийг зөвшөөрөхгүй бол барилгын ажил эхлэхгүй гэсэн үг үү?

-Үгүй. Дөрөвдүгээр сарын 20-нд барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн. Учир нь бид өнгөрсөн онд биологи технологийн газрын 50 хувьд их биеийг нь зангидаж, цутгалт хийгээд бэлдчихсэн. Мөн хоёрдугаар сараас барилгын материалын таталтууд эхэлсэн бөгөөд бид одоогоор хил, гаалийн зөвшөөрлөө эхнээсээ аваад явж байна.

Өнгөрсөн хугацааны суурь бэлгэл ажлуудыг Монголын талын туслан гүйцэтгэгч компаниуд хийсэн. Санхүүжилтийн асуудал шийдэгдэж, мөнгө нь шилжвэл өмнө нь хийж байгаад орхисон ажлуудаа хийж эхлэх боломжтой. Үүнийгээ ч Хятадын талд мэдэгдсэн.

Нэгэнт дөрөвдүгээр сарын 20-ноос барилгын ажлаа эхлүүлэхээс өөр аргагүй учир энэ мэт зохицуулалтаа хийсэн.

-Барилгын ажил энэ сарын 20-ноос эхэлбэл ашиглалтад орох хугацаа хойшлогдохгүй юм байна, тийм үү?

-Тийм. 2023 он гэдэг бол баталгаажсан графикт хугацаа. Тиймээс хоёр тал тохирсон хугацаагаа барьж ажиллана. Нийт 38 барилга, объектын дэд бүтцийн ажлуудыг хийх Монголын туслан гүйцэтгэгч компаниуд энэ сард ажлаа эхлэх боломжтой.