Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Таны хүүхэд гэртээ аюулгүй байгаа юу?

Г.Номин, iKon.mn
2020 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор ЕБС-ийн сурагчид гурван сар орчим, цэцэрлэгийн багачууд хоёр сар гаруйн хугацааг гэртээ өнгөрүүлээд байна.

Энэ хугацаанд хүүхэд гэмт хэргийн хохирогч /сурагч охиныг сургалтын төвийн багш хүчирхийлсэн/ болсон, гэртээ ахуйн осолд өртөж амиа алдсан /нэг айлын гурван охин гэртээ нас барсан/. Мөн таван настай хүүхэд 11 давхрын цонхоор унаж нас барсан тохиолдол гарсан юм.

Харин ЦЕГ-ын статистик мэдээллээс харвал хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол буурчээ. Тодруулбал, гэмт хэргийн улмаас 310 хүүхэд хохирч, үүнээс 36 хүүхэд нас барж, 84 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, хохирсон хүүхэд 244 буюу 44 хувиар, гэмтсэн хүүхэд 59 буюу 41.3 хувиар тус тус буурч, нас барсан хүүхэд хоёр буюу 5.9 хувиар өссөн байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлэлд 0-15 насны хүүхдийн осол гэмтлийн тохиолдол 2020 оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 27 хувиар буурсан болохыг дурджээ. Хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгаануудыг дурдвал өндрөөс унах, амьтай, амьгүй механик хүчинд өртөх, зам тээврийн осол, түлэгдэлт багтдаг. Энэ оны эхний улирлын хувьд хүүхдийн осол гэмтлийн дийлэнх шалтгаан өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа ч амьсгал боогдох, түлэгдэлт, байгалийн хүчинд өртөх, санамсаргүй хордох ба хорт бодист өртөх шалтгааны тохиолдлын тоо нэмэгджээ.

Хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явахгүй гэрээс гарахгүй байгаа энэ нөхцөлд хүүхэд гэмт хэргийн хохирогч болох, зам тээврийн осолд өртөж гэмтэх, унах зэрэг тохиолдол буурсан ч ахуйн хүрээнд буюу гэртээ гэмтэх тохиолдол нэмэгдсэнийг ГССҮТ-ийн статистик мэдээлэл ийн харуулав.

Тиймээс бага насны хүүхдүүдийг байнгын харах хүнтэй байлгах, гэрээ аюулгүй орчин болгох шаардлага тулгарч байна. Хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь үлдээж цоожлох, байшингийн цонх, тагтаа онгорхой орхих, гэрт ил гал гаргаж болзошгүй газ, чүдэнз, асаагуур зэргийг ил тавих, түргэн тогоо, ус буцалгагч зэрэг цахилгаан хэрэгслийг хүүхдийн гар хүрэх газар байршуулж орхисноос  болж  хүүхэд ахуйн осолд өртөж гэмтэх, улмаар амь насаа алдах эрсдэл гардаг.

Та харин гэрээ, хүүхдийнхээ байнга байгаа орчныг аюулгүй байлгаж чадаж байгаа юу?

Хүүхэд тань аюулгүй орчинд байгаа эсэхийг нягтлаад үзээрэй.