Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн тахалд нэрвэгдсэн Эквадор улсын шоронгийн хоригдлууд авс үйлдвэрлэхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америкийн Эквадор улсад коронавирусийн тахал хүндэрч, нас барсан хүмүүсийн шарил гудамж талбайд хэвтэх болсон тухай олон улсын хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв. Эквадорын тахлын голомт болсон Гуаяакил хотод эндэгдлийн тоо эрчимтэй нэмэгдэж, шарил хадгалах зай хүрэлцэхгүй, авсны олдоц муу байгаа.

Тэгвэл тус улсын засгийн газар авсны дутагдлыг нөхөх ажилд шоронгийн хоригдлуудыг дайчлахаар болжээ.

Нийслэл Кито хотоос өмнө зүгт оршдог Амбато хотын шоронгийн хэдэн зуун хоригдлын гараар үйдвэрлэгдсэн эхний авснууд ирэх долоо хоногт Гуаяакил хот руу ачигдахаар болсон байна.

Гуаяакил хот болон түүнийг тойрсон Гуаяас мужид Эквадор улсын нийт халдварын тохиолдлын 68 хувь бүртгэгджээ.

Тус улсын байгаль орчны яам ой хамгаалах ажлын хүрээнд хураагдсан хулгайн моднуудыг түүхий эд болгон шоронд өгсөн юм байна.

Андын нуруунд оршдог 16 сая хүн амтай Эквадор улсад шинэ коронавирусийн халдварын нийт 4,965 тохиолдол бүртгэгдэж, 272 өвчтөн нас бараад байгаа. Өөр 284 хүний үхэл Covid-19 өвчинтэй холбоотой эсэхийг шалгаж байна.

Сүүлийн үед Гуаяакил хотод авс олдохгүй болсноос зарим хүмүүс төрөл төрөгсдөө хандивын цаасан хайрцганд оршуулж байна гэсэн мэдээлэл ирж байгаа. Хотын захиргаа оршуулгын газар нэмж байгуулж, авсны үнийг тогтворжуулах арга хэмжээ авахаар болсон байна.

Эквадорын ерөнхийлөгч Ленин Морено саяхан Гуаяас мужид коронавирусийн халдвараар нас барах хүний тоо цаашдаа 3,500 хүрэх магадлалтайг анхааруулж байжээ.

Тус улсын нийт 39,000 орчим хоригдолтой шоронгуудад одоогоор коронавирусийн халдвар илрээгүй байна. Халдвар тарахаас сэргийлэх үүднээс шоронд эргэлт оруулахыг хориглоод байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters