Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМГЭНЭЛ: Ахмад дайчин, хүндэт чекист, хурандаа Л.Нанзад

ikon.mn
2020 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
 

Ахмад дайчин, хүндэт чекист, хурандаа, Хиргис овгийн Лхамрингийн Нанзад /1925-2020/

Монгол Улсын төр, засгийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргээ үнэнч шударга, нэр төртэй биелүүлж байсан бидний халамжлан хүмүүжүүлэгч, журмын нөхөр, ахмад дайчин, хүндэт чекист, хурандаа Хиргис овгийн Лхамрингийн Нанзад 2020 оны 04-р сарын 08-ны өдөр таалал төгсөж, бидэнд хүнд уй гашуу тохиолоо. 

Л.Нанзад нь 1925 онд Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт малчин ард Лхамрингийн 2-р хүү болж төрсөн. Тэрээр бага насандаа нэг ах, гурван дүүгийн хамт өнчирч үлдсэн ч сурч боловсрох, үнэнч шударга хөдөлмөрлөхийг эрхэм болгосон хүмүүн байв. Л.Нанзад нь 1938 онд аймгийн бага сургууль, 1943 онд Нийслэлийн 1-р дунд сургуулийг суралцан төгсөж, аж үйлдвэрийн комбинатын булигаарын заводод тоо, бүртгэгч, боловсон хүчний эрхлэгч, эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга зэрэг ажлыг хийж өнчин дүү нараа асарч тэжээж байгаад 1945 онд сайн дураараа цэрэгт явж чөлөөлөх дайнд оролцсон. Дайн дууссаны дараа Дотоод яамны төв сургуульд орж суралцан 1949 онд төгсөж, мөн ондоо ЗХУ-ын Ленинград хотын С.М.Кировын нэрэмжит Цэргийн хүн эмнэлгийн академид орж суралцан 1956 онд уг академийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн. 

Тэрээр 1956 оноос Нийгмийг аюулаас хамгаалах яамны 3-р газарт лабораторийн дарга, тасаг, тусгай тасаг, эмнэлгийн хэлтсийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын эмч, комиссар, хамгаалалтын тасгийн дарга, 1980 оноос Бүх цэргийн ерөнхий командлагчийн адьюдантаар, 1984 онд Ю.Цэдэнбал ажлаасаа чөлөөлөгдөн ЗХУ-д эмчилгээ хийлгэх хүнд үед нь хамт ажиллаж байгаад 1989 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. 

Л.Нанзад нь мэргэжлийнхээ чиглэлээр хүмүүсийг сургаж, хүнс болон эд материалын шинжилгээний лабораторийн барилга байгууламж барих, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хариуцаж, иж бүрэн лабораторийг байгуулсан бөгөөд төр, засгийн тэргүүний аюулгүй байдлыг хангах хариуцлагатай үүргээ нийгэм, цагийн аясын өөрчлөлтийн үед ч үнэнч шударгаар биелүүлсэн. 

Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж, Д.Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон, Алтангадас одон, ойн медалиуд, төрийн тусгай хамгаалалтын хүндэт тэмдэгээр шагнасан төдийгүй хүндэт чекист, ахмад дайчин гэсэн эрхэм нэр алдар олгосон юм. 

Л.Нанзадын ажилч хичээнгүй, үнэнч шударга, эгэл даруу, нөхөрсөг зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд орших болно. 

Үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд, 

Төрийн тусгай хамгаалалтын газар,

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олон.