Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдах зөрчил илэрч байна"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг mpa.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “COVID-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдлийг бууруулах хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд 500 гаруй улсын байцаагч, 24 цагаар шуурхай штаб ажиллаж буй аж.

"Одоогийн байдлаар нийслэлийн засаг даргын гаргасан А/46 дугаар захирамжийн хүрээнд хэрэгжилтийн дагуу нийт 7,976 ААН, иргэний үйл ажиллагаанд хяналт тавьсан. Нийт 306,255 метр квадрат талбай бүхий халдваргүйжүүлэлт хийхэд НМХГ хяналт тавьж ажилласан" гэдгийг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш хэллээ. 

 
гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр үргэлжлүүлэн "Энэ хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлэн, хог хаягдлаар орчноо бохирдуулсан, хогоо зориулалтын бус газар хаясан 16 ААН, иргэнд 7 сая 900 мянган төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулсан.

ААНБ-ууд үйлчлүүлэгчдэдээ үнэгүй ариун цэврийн өрөөг ашиглуулах ёстой гэж заасан байдаг. Үүнд хяналт тавьж нийт 67 газар, худалдааны төв иргэдэд төлбөртэй үйлчилж байсныг илрүүлсэн. Мөн гудамж талбайд нус, цэрээ хаясан 61 иргэнд 3 сая 160 мянган төгрөгөөр торгосон. Үүнээс гадна шашны байгууллагуудад хамтарсан хяналт тавьж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 48 байгууллага дээр хамтарсан хяналт шалгалт хийж явна.

 ААНБ-ууд коронавирусээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаандаа хариуцлагагүй байна. Хариуцлагатай байж ариутгал халдваргүйтгэл хийлгэхийг хүсэж байна" гэв. 

 
гэрэл зургийг mpa.mn

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хяналтын улсын ахлах байцаагч н.Оюунбилэг "Үйл ажиллагаагаа зогсоон, согтууруулах ундаагаар үйлчилдэг 4,289 үйлчилгээний газарт хяналт тавин, тушаалын дагуу цаг баримталж, стандарт хангаж буй эсэхийг шалгасан. Үүнд, 

  • Цаг хэтрүүлсэн 7 зөрчил
  • Төрийн албан хаагчийн шаардлага биелүүлээгүй 2 зөрчил
  • Эрүүл ахуйн шаардлага хангаагүй 11 зөрчил илэрсэн. 

Нийт 11 ААН-д 14 сая 270 мянган төгрөгийн торгууль ногдуулж, тусгай зөвшөөрлийг цуцлах саналаа хүргүүлэн ажиллаж байна. Баар, карокены үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл зогсоосон байгаа. 

ААН-үүд дотоод үйл ажиллагаагаа сайжруулахыг хүсэж байна. Худалдан авалт багассантай холбоотойгоор хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээр үйлчлэх, худалдаалах зөрчил илэрч байна. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүндээ ААН-үүд өөрсдөө хяналт тавьж ажиллахыг зөвлөж байна" гэв.