Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасагт шилжжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Шинэ коронавирусийн халдвараар өвчлөөд байгаа Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон гурав хоног эрчимт эмчилгээ хийлгэсний дараа өчигдөр энгийн тасагт шилжсэн тухай тус улсын засгийн газар мэдээлжээ.

55 настай ерөнхий сайдын бие муудаж, өнгөрсөн Даваа гарагт Лондон хотын Сэнт Томас эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн юм.

Тэрээр шинэ коронавирусийн халдвар авсныхаа дараа 10 хоног орчим гэртээ тусгаарлагдсан ч бие нь сайжраагүй тул эмнэлэгт хүргэгдэж байв.

Пүрэв гарагт Их Британи даяар 881 хүн халдварын улмаас нас барж, нийт эндэгдлийн тоо нь 7,978 болсон байна.

Гуравдугаар сарын 23-нд тус улсад хэрэгжиж эхэлсэн хорио цээрийн дэглэм ирэх Даваа гарагт өндөрлөх байв. Гэвч тахлын нөхцөл байдал сайжрах шинжгүй байгаа тул дэглэмийг долоо хоногоор сунгах шийдвэрийг Британийн засгийн газар өчигдөр гаргажээ.

Европын улс орнуудаас Их Британийг цар тахлын эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ хойрго хандаж байна гэсэн шүүмжлэл хүчтэй байв.

Харин Борис Жонсоны засгийн газар шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээ авахад цаг хугацаа шаардлагатай байсан гэж хариу тайлбарлаж байгаа.

 

Эх сурвалж: AFP