Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо 16,000 давлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт АНУ болон Европын орнуудад шинэ коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо үргэлжлэн нэмэгджээ.

АНУ-д нийт эндэгдлийн тоо 16,000-ыг давсан нь дэлхийд зөвхөн Италийн дараа орох муу үзүүлэлт боллоо.

Тус улсын тахлын хамгийн том төв Нью Йорк мужид өчигдөр 799 өвчтөн нас барсан нь нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон эндэгдэл болжээ.

Нью Йорк мужид коронавирусийн тахал дэгдсэн цагаас хойш нийт 7,067 хүн нас бараад байгаа нь АНУ-д хамгийн дээгүүр орох үзүүлэлт юм.

Мужийн захирагч Эндрью Куомо “Энэ бол үнэхээр цочирдмоор, эмгэнэлтэй үйл явдал. Надад хэлэх үг олдохгүй байна” гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Өчигдөр АНУ-ын засаг захиргаа сүүлийн долоо хоногийн хугацаанд ажилгүй болсон хүмүүсийн тоог гаргасан юм. Өнгөрсөн долоо хоногт 6.6 сая Америк хүн цар тахлын улмаас ажилгүй болжээ. Өмнөх хоёр долоо хоногийн тоотой нэгтгэвэл хямрал эхэлсэн цагаас хойш нийтдээ 16.8 сая хүн ажилгүй болоод байна.

Энэ нь ажилгүйдлийг анх бүртгэж эхэлсэн 1948 оноос хойшх хамгийн том, хамгийн хурдтай өсөлт болжээ.

Өчигдөр бас Пентагоны удирдлага АНУ-ын тэнгисийн флотын хөлгүүд дээр коронавирусийн тахал дэгдэх магадлал өндөр байгааг мэдээлсэн юм.

Номхон далайд үүрэг гүйцэтгэж байсан USS Theodore Roosevelt нисэх онгоц тээвэрлэгч хөлгийн 416 усан цэрэг халдвар авч, Гуам арлын эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа. Тэдний нэгийнх нь бие муудаж, эрчимт эмчилгээнд шилжсэн тухай Пентагон өчигдөр мэдэгджээ.

Тус хөлгийн 1,164 усан цэрэг шинжилгээнийхээ хариуг хүлээж байгаа гэнэ. “Theodore Roosevelt хөлөг дээр гарсан халдварыг цорын ганц тохиолдол гэж бодохгүй байна. Манай олон хөлөг далайд байгаа. Дахин ийм эрсдэл үүсэх магадлал өндөр байна” гэж Пентагоны төлөөлөгч, генерал Жон Хайтен мэдэгдсэн байна.

Сүүлийн байдлаар дэлхий дахинд Covid-19 өвчний халдварын 1,581,019 тохиолдол бүртгэгдэж, 94,572 өвчтөн нас баржээ.

Тэдгээрээс халдварын бүртгэгдсэн тоогоор тэргүүлж буй 10 улсын тоо баримтуудыг хүргэж байна.

  Улс Халдварын тохиолдол Эндэгдэл Харьцаа
1 АНУ  452,582   16,129  4%
2 Испани  152,446   15,238  10%
3 Итали  143,626   18,279  13%
4 Франц  118,781   12,228  10%
5 Герман  115,523   2,451  2%
6 Хятад  82,969   3,339  4%
7 Иран  66,220   4,110  6%
8 Их Британи  65,863   7,992  12%
9 Турк  42,282   908  2%
10 Бельги  24,983   2,523  10%

Эх сурвалж: AFP, Associated Press