Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Тархвар судлаач, мэргэжилтнүүд бичиж байна: КОВИД-19 ба тархвар судлалын зарим асуудлаар

ikon.mn
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Зургийг www.qualitrolcorp.com-с ашиглав

Халдварт өвчний дэгдэлтийн үед халдвар дамжиж буй зам (transmission route), халдварын эх уурхай (source), халдварлалт (R0 - basic reproductive number), нууц үеийн хугацаа зэргийг олж мэдэх нь чухал байдаг.

Эдгээр мэдээллийг тархвар судлалын судалгаагаар олж тогтоон, халдвар дамжиж буй замыг таслах, халдвар цаашид тархахаас сэргийлсэн арга хэмжээг хэрэгжүүлсэнээр халдварын гинжин хэлхээг таслан зогсоодог.

R0 (basic reproductive number) нь хүн ам аливаа халдварт өвчний эсрэг дархлаагүй тохиолдолд халдвар хэрхэн тархахыг илэрхийлдэг үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, энэ нь халдвар авсан нэг хүнээс цааш хэдэн хүнд халдвар тарж болохыг харуулдаг. Одоо мэдэгдэж байгаагаар ямар нэг хариу арга хэмжээ аваагүй тохиолдолд КОВИД-19 – ийн R0=2-3 байгаа нь халдвар авсан нэг хүн цааш 2-3 хүнд халдвар тараах эрсдэлтэй гэсэн үг юм. MERS-CoV-тэй (R0<1) харьцуулахад КОВИД-19 – ийн үүсгэгч SARS-CoV-2 вирусийн халдвар дамжих чадвар өндөр болохыг энэ тоо харуулж байна. Энгийн үгээр тайлбарлавал, ямар нэг арга хэмжээ аваагүй тохиолдолд хүн амын дунд КОВИД-19 – ийн халдвар тархвал геометрийн прогрессоор тархах боломжтойг энэ тоо илэрхийлж байгаа юм.

Халдварт өвчний дэгдэлтийн үед халдвар тархах (R0) нь хүн амын насны бүтэц, хүн амын хөдөлгөөн, нягтаршил, хүмүүс хоорондын харилцааны хэв маяг, өрхийн ам бүлийн тоо зэргээс хамаарч өөр өөр байдаг.

Монголын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Монгол улсад 2020 оны 4 дүгээр сарын 3-ны байдлаар 3,314,726 хүн амьдарч байна.

Манай улсын хүн амын насны бүтэц харьцангуй залуу, өөрөөр хэлбэл, 2018 оны байдлаар 0-24 насныхан 1,475,425 буюу нийт хүн амын 45.6%-ийг эзэлж байна.

Эдгээр насныхан бусад насныхантай харьцуулахад нийгэм дэх хөдөлгөөн харьцангуй их тул халдвартай нэгэнтэй тааралдах, харилцах, хавьтлын тоо их байх эрсдэлтэй бүлэг. Мөн түүнчлэн, манай улсын 2010 оны хүн амын тооллогоор нэг өрхийн ам бүлийн тоо дунджаар 3.6, нийт өрхийн 47.1% нь 3-4 ам бүлтэй гэсэн байна. Энэ нь мөн манай орны хувьд өвчин дэгдсэн тохиолдолд өвчлөлийн тоо огцом нэмэгдэхэд нөлөөлж болох хүчин зүйл юм. Бусад улс орны хүн амын насны бүтэц, амьдралын хэв маяг, өрхийн ам бүлийн тооноос хамаарч хавьтлын тоо ч янз бүр байна.

Тухайлбал, КОВИД-19 – ийн халдвар оношлогдсон анхны Финлянд улсын иргэн Италиас буцаж ирснээс хойшх хавьтлын тоо зөвхөн 2 байв.

Харин Итали улсын хувьд ихэнх нь нэг өрх гэрт гурван үеэрээ амьдардаг уламжлалтайгаас халдварт өндөр настай хүмүүс ихээр өртөн өвчлөөд байна. Ийнхүү хүн амын бараг тал хувийг 25 хүртэл насныхан эзэлдэг, өрхийн ам бүлийн тоо харьцангуй олон манайх шиг оронд КОВИД-19 хүн амын дунд тархаж эхэлвэл халдвар хэрхэн хурдан тархаж, өвчлөлийн тоо асар хурдан нэмэгдэхийг та төсөөлж буй биз.

 

КОВИД-19 – ийн нууц үеийн хугацаа буюу вирус хүний биед орсноос хойш өвчний шинж тэмдэг илрэх хугацаа дунджаар 5.6 (1-14) хоног байгааг судалгаанаас харж болно. Гэвч өвчлөгсдийн ойролцоогоор 1% нь өвчний шинж тэмдэг 14 хоногоос дээш хугацаанд илэрч байгаа талаар мөн судалгаанууд хэвлэгдэж байна. Өндөр настан, архаг болон хавсарсан өвчтэй хүмүүс халдвар авсан тохиолдолд КОВИД-19 – ийн  өвчлөл хүндэрч нас барах эрсдэл өндөр байгааг эмч судлаачид анхааруулсаар байна. Гэвч зөвхөн өндөр настай хүмүүс төдийгүй бүх насныхан халдвар авч хүндрэх эрсдэлтэйг мөн сүүлийн үед мэдээлж байна.

Одоогийн байдлаар дэлхийн ихэнх улс оронд хэрэгжүүлж буй хөл хорио, олон нийтийн газар явахдаа бусдаас зай барих, гэртээ өөрийгөө тусгаарлах зөвлөгөө нь “Тархвар судлалын муруйг огцом өсгөх биш, хавтгай болгох арга” (“flatting the curve”) буюу хүн амын дундах өвчлөлийн тоог огцом нэмэгдэхээс сэргийлж буй арга хэмжээ юм. Мөн дээр дурдсан халдвартай нэг хүнээс цааш халдвар тарах хүний тоог багасгахад чиглэгдсэн арга. Ингэснээр улс орнууд түр зуур цаг хожиж, энэ хугацаанд бэлэн байдлаа хангаж, цаашид хэрэгжүүлэх тактик, стратегиа ярилцан хэрэгжүүлж байгаа дүр зургийг бид харж байна. Халдвартай хүний тоо нэг дор огцом нэмэгдвэл, эмнэлгийн ор, амьсгалын аппарат, хамгаалах хувцас хэрэгсэл, оношлуурын нөөц, эмч, эмнэлгийн ажилтнуудын тоо хүрэлцэхгүй болох, эмнэлэг эрүүл мэндийн байгууллагад халдвар тархах, эмч мэргэжилтнүүд халдвар авах, ингэснээр өвчилсөн хүмүүсийг эмчилж эдгээх боломжгүй болох маш том эрсдэл үүсэх юм. Ийнхүү, эрүүл мэндийн салбар маш хүнд цохилтонд орж, хэвийн ажиллах боломжгүй болох ба АНУ, Итали, Иран гээд бусад олон орны жишээнээс ийм нөхцөл байдал үүссэн байгааг бид харж болохоор байна.  

КОВИД-19 – ийн эсрэг үр дүнтэй вакцин гарах хүртэл дор хаяж 9-18 сарын хугацаа зарцуулагдана гэж олон орны судлаачид хэлж байна. Тэгэхээр, одоогийн үүссэн нөхцөл байдал зөвхөн 2-3 сарын асуудал биш, вакцинтай болох хүртэл КОВИД-19 – тэй тэмцэх 1-2 жилийн асуудал тулгарч байна гэдэг талаас харж, энэхүү халдварын эсрэг тактик, стратегитэй ажиллах шаардлага бидэнд тулгарч байна. Тиймээс, одоо манайд барьж буй тактикийг өөрчлөх шаардлагатай эсэх, цаашид урт хугацаанд ямар асуудал гарч болох талаар хэлэлцэн, хувилбар дэвшүүлэн түүнд бэлтгэх сонголт бидэнд үлдэж байна.

Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн үйл ажиллагааг цахим сургалтад  шилжүүлсэн зэрэг нийтийн дунд хэрэгжүүлж буй арга хэмжээг цаашид хэрхэх, хэрэв цуцлах бол энэ үед баримтлах стратеги (“exit strategy”) бидэнд хэрэгтэй болно. Мөн түүнчлэн, өвчлөлийн тоо одоогийнхоос хэд дахин нэмэгдсэн үед эмнэлгийн яаралтай болон эрчимт эмчилгээ шаардлагатай тохиолдлын тоо нэмэгдэх тул зөвхөн эмнэлгийн ор, амьсгалын аппарат төдийгүй, тусламж үйлчилгээ үзүүлэхэд сэлгэн ажиллах эмч, сувилагч, бусад мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэдний нийгмийн хангамж, аюулгүй байдлыг хэрхэн хангах зэрэг асуудлыг нухацтай хэлэлцэх цаг аль хэдийнээ иржээ.

Хүн амын дунд халдвартай нэг хүн цаашид хэдэн хүнд халдвар тараах боломжтойг Монгол улсын хүн ам зүйн өвөрмөц онцлог, өрхийн ам бүлийн тоо, нийтийн дунд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдвар авсан хүний халдвар дамжуулах хугацаа, илрүүлсэн хавьтлын эзлэх хувь, нийгмийн бусад хүчин зүйл зэргийг харгалзан тооцох нь чухал. Энэхүү мэдээлэлд үндэслэн хүн амын дунд халдвар нэгэнт алдвал хэрхэн богино хугацаанд тархах эрсдэлтэй, цаашид учирч болох ур дагавар, аюул өндөр болохыг ард иргэдэд анхааруулан мэдээлэх шаардлагатай байна.

КОВИД-19 – ийн дэгдэлт тархвар судлалын шинжлэх ухааны мөн чанарыг ойлгож, өдөр тутмын практикт ашиглах, тухайлбал, Монгол хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлаар урт, богино хугацааны судалгаа хийж, судалгааны үр дүнд үндэслэсэн нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, тархвар судлаачдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зэрэгт анхаарал хандуулах, улмаар тархвар судлалын үндэсний чадавхийг бэхжүүлэх хэрэгтэйг бидэнд ойлгуулж байна. Тиймээс үүнд чиглэсэн төрийн бодлого энэ халдварын дараа өөрчлөгдөнө гэж найдаж байна.

 

Ж.Байгалмаа (Финланд улсын Тамперийн их сургуулийн нийгмийн эрүүл мэнд, тархвар судлалын хөтөлбөрийн докторант)

Д.Мөнхжаргал (Япон улсын Кансай анагаах ухааны их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн тэнхмийн докторант)

О.Батбаяр ( MSc London School of Hygiene and Tropical Medicine)