Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхошууны замд зуурмагийн машин унасан ослын улмаас бэртсэн нэг хүн эмчлүүлэх явцдаа нас баржээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Тээврийн цагдаагийн албанаас авав.

Өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт долоон автомашин мөргөлдсөн ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг зам, тээврийн осолтой холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэг, мэдээлэл өглөө.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд “Урин дулаан цаг ирж, Улаанбаатар хотод барилгын ажлууд эхэлсэн. Тиймээс том оврын, зуурмагийн автомашин зам тээврийн осол гаргах тохиолдол ихсэх боллоо.

Хамгийн сүүлд л гэхэд дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Баянхошууны замд зуурмагийн машин унаж, долоон тээврийн хэрэгслийг мөргөж ноцтой зам тээврийн осол гаргасан.

Уг осолд өртсөн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 3-80 насны 11 хүн гэмтсэн бөгөөд ослын улмаас бэртсэн нэг хүн нь ГССҮТ-д эмчлүүлэх явцдаа амиа алдсан харамсалтай хэрэг боллоо.

Тиймээс барилгын ажил эрхэлж буй болон том оврын тээврийн хэрэгслээр ачаа, тээврийн ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд тухайн автомашины жолооч нарын хөдөлмөр, амралтын горимыг зохицуулж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах асуудалд сайн анхаарах шаардлагатай байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод 600 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бөгөөд өдөр тутамд 400 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй.

Том оврын ачааны машин өөрөө масс ихтэй учир ямар нэг байдлаар зам тээврийн осол, хэрэг гаргасан тохиолдолд маш их хэмжээний хор хохирол үүсгэх аюултай" хэмээн хэллээ.