Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Халдвартай нь батлагдсан 16 дахь иргэний нэгдүгээр хавьтлын хавьтал 100 гаруй хүнээс шинжилгээ авч байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын төсгөлд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- COVID-19 халдвар авсны улмаас эмчилгээ хийлгэж буй иргэд өөрсдөө эмчилгээний зардлаа гаргаж буй улс орон байгаа юу?

Д.Нарангэрэл: - Гадаадын улс орнуудад халдвар авсан иргэд өөрөө эмчилгээний зардлаа гаргаж байгаа талаар мэдээлэл одоогоор алга байна.

- БНСУ-д манай улсын нэг иргэн халдвар авсан гэсэн мэдээлэл байна. Та бүхэнд энэ мэдээлэл ирсэн үү?

Д.Нарангэрэл: - Бид та бүхэнд өмнө нь мэдээлж байсан. ГХЯ-аар дамжиж ирсэн мэдээлэлд БНСУ-д хоёр иргэн өвдсөн гэдэг мэдээлэл байгаа.

- Халдварын 16 дахь тохиолдлын хавьтлуудыг шинжилгээнд хамруулсан уу?

А.Амбасэлмаа: - 16 дахь батлагдсан тохиолдол болсон иргэний сурч байсан газарт өвчлөл гарчихсан байсан учраас бид ганцааранг нь тусгаарласан. Мөн хамт байсан хүмүүсийг нэг нэгээр нь тусгаарлаад байгаа. Гуравдугаар сарын 26-нд ирсэн тэдгээр иргэдээс 27-нд шинжилгээ авахад хариу сөрөг гарсан. Ингээд дөрөвдүгээр сарын 6-нд давтан шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан юм. Тухайн иргэнтэй машинд хамт явж ирсэн гурав, бусад байдлаар ойр харилцсан 11 хүнийг тогтоогоод тусгаарласан. Тэднээс шинжилгээ авч байгаа. Мөн нэгдүгээр хавьтлын хавьтал 100 гаруй хүнээс шинжилгээ авч байна. Хариу нь гарахаар мэдээлэл хүргэе.

Бид вирус ялгарах хугацааг тодорхой хугацаагаар хянаад шинжилгээ давтан хийгээд байгаа юм. Тиймээс давтан шинжилгээгээр вирус илэрсэн.

- Тусгаарлалтад байх хугацаандаа шинжилгээ огт өгөөгүй нэг иргэн байгаа гэх мэдээлэл тараад байна. Тусгаарлалтад байгаа бүх хүнээс шинжилгээ авч байгаа юу?

А.Амбасэлмаа: - Гуравдугаар сарын 28-нд хойд хилээ хаасан. Хил хаахаас өмнө ирсэн хүмүүсийг бид 14 хоног чек листээр хянаад өөрчлөлт гарсан тохиолдолд шинжилж байсан.

Харин халдвартай тохиолдол гарснаас хойш бүх хавьтлыг шинжилж байгаа. Халдвар судлалын заалтаар хавьтлуудыг 2-3 удаа шинжилж байна.

- Халдвартай 16 иргэний насны талаар мэдээлэл өгөөч?

А.Амбасэлмаа: - Халдвартай хүмүүс 11-65 настай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.