Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Өдрийн цагаар автомашины ойрын гэрлээ асааж хөдөлгөөнд оролцох уриалга халдварт өвчин намжтал үргэлжилнэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор өдрийн цагаар автомашиныхаа ойрын гэрлийг асааж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "Иргэд өмнө нь COVID-19 халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор авч буй арга хэмжээнд нухацтай хандаж, хорио цээрийн дэглэмийг сайн мөрдөж байсан.

Харин сүүлийн үед урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор зөвлөмжийг дагаж мөрдөх нь багасаж, хөдөө, орон нутагт аялж зугаалах явдал ихэссэн бөгөөд хотын төвийн авто замын түгжрэл ч нэлээд нэмэгдэх нөхцөл үүсжээ.

Гэвч өнөөдрийн байдлаар энэ цар тахал биднийг ингэж тайвширч болох хэмжээнд хараахан хүрээгүй байна. ДЭМБ-аас ч дөрөв болон тавдугаар сард COVID-19 халдварын дэгдэлт нэмэгдэх хандлагатай учир хорио цээрийн дэглэмийг цуцлах болоогүйг улс, орнуудад анхааруулсаар буй.

Бид яг ийм үед анхаарал, болгоомжоо огтхон ч сулруулж болохгүй.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас иргэдэд энэ асуудалд анхаарал хандуулж буйгаа илтгэж, бусдадаа сэрэмжлүүлэх зорилгоор хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлээ асаах уриалгыг өнөөдрөөс эхлэн дэвшүүлээд байгаа юм" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Энэ уриалга нь улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа бүх жолооч нарт хамаатай бөгөөд бид энэ өвчнийг намжтал ойрын гэрлээ асааж хөдөлгөөнд оролцох уриалгыг дэвшүүлсээр байх болно.

Хэдийгээр ойрын гэрлээ асаагаагүй хөдөлгөөнд оролцож буй жолооч нар ямар нэг хариуцлага хүлээхгүй ч бусдад сэрэмжлүүлж, өөрсдөө халдвараас урьдчилан сэргийлж байгаагаа илэрхийлэн Тээврийн цагдаагийн албанаас гаргаж буй уриалгад нэгдэхийг хүсэж байна.

Түүнчлэн Цагдаагийн байгууллагын автомашины чанга яригчийг ашиглаж иргэдэд амны хаалтыг заавал зүүх, гудамж талбайд нус цэрээ хаяхгүй байх, олноор цуглахгүй байх, хорио цээрийн дэглэмийн үед хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах болон урин дулаан боллоо гээд хүүхдээ тоглоомын талбай дээр тоглуулахгүй байх гэх мэт анхааруулга, сэрэмжлүүлэг өгөн ажиллаж байна.

Цагдаагийн алба хаагчид ажлын болон ажлын бус цагаар гудамжаар явж буй иргэдэд амны хаалтаа зүүх ёстой гэсэн нөхөрсөг шаардлага тавих төлөвлөгөөг гаргасан" гэв.