Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Берни Сандерс нэрээ татсаны дараа Дональд Трамптай сонгуульд өрсөлдөх хүний нэр тодорлоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Сенатор Берни Сандерс 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвших өрсөлдөөнөөс гарч байгаагаа өчигдөр зарлалаа.

Ингэснээр Барак Обамагийн засаг захиргаанд дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Жо Байден ирэх арваннэгдүгээр сард одоогийн ерөнхийлөгч Дональд Трамптай өрсөлдөхөөр болж байна.

78 настай социал демократ Сандерс бүх Америкчуудад тэгш үйлчлэх эдийн засгийн тогтолцоог бий болгох амлалт өгч байв. Түүний либерал хөтөлбөрт бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээг бий болгох, цагийн ажлын хөлсний доод хэмжээг $15 болгох зэрэг амлалтууд багтаж байжээ. “Ардчилсан Намаас нэр дэвшихийн төлөө өрсөлдөөн маань амжилтгүй боллоо гэж би дүгнэж байна. Дэд ерөнхийлөгч асан Байден нэр дэвших болно” гэж мэдэгдсэн Сандерс өрсөлдөгчдөө баяр хүргэж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Тэрээр 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөө Ардчилсан Намаас Хиллари Клинтонтой хүчтэй өрсөлдөж байв. 

Энэ удаагийн сунгааны үеэр Сандерс гараагаа амжилттай эхлүүлж, эхний гурван мужид болсон намын санал асуулгад тэргүүлсэн юм.

Гэвч дараа дараагийн өрсөлдөөнд Байден давамгайлснаар Сандерсын сонгуульд нэр дэвших боломж улам бүр багасжээ.

Жо Байден өрсөлдөөнөөс нэрээ татсан Сандерсыг “Сайн хувь хүн, хүчтэй удирдагч, манай оронд өөрчлөлт хийхийг уриалдаг хамгийн хүчтэй дуу хоолойнуудын нэг” гэж магтаад дэмжигчдийг нь өөрийнхөө талд нэгдэхийг уриалсан юм.

 

Эх сурвалж: AFP