Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Рио Тинто компани 2019 онд дэлхий даяар төлсөн татвараа улс улсаар нь задалж харуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг Рио Тинто өчигдөр 2019 онд дэлхий даяар төлсөн татвар, хураамжийнхаа задаргааг улс улсаар задалж танилцуулжээ.

Тус компани өнгөрсөн онд нийтдээ $7.6 тэрбумыг татвар, рояалтид төлсний $4.8 тэрбум нь орлогын албан татвар болсон байна.

 Нийт татварын хамгийн их хэсгийг буюу $6.2 тэрбумыг Австралийн засгийн газарт төлжээ. Дараа нь Чилид $311 сая, Монголд $305 сая, Канадад $291 сая, АНУ-д $178 сая, Их Британид $117 сая, Өмнөд Африкт $80 саяыг тус тус төлсөн байна.

Өчигдрийн тайланд бас Рио Тинто компанийн үйл ажиллагаа явуулж буй улс орнуудын эдийн засагт шууд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг $45.1 тэрбум гэж мэдээлжээ.

Нийлбэр дүнгээр Рио Тинто 2015 оноос хойш нийтдээ $210 тэрбумын шууд хөрөнгийг үйл ажиллагаа явуулж байгаа улс орнуудын эдийн засагт оруулсан байна.

“Татвар, рояалтигаа оруулаад манай компанийн бизнес бидний үйл ажиллагаа явуулж буй улс орнуудын эдийн засгийн өсөлт, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг юм” гэж Рио Тинто компанийн санхүү эрхэлсэн дэд ерөнхийлөгч Жэкоб Стаусхолм мэдэгджээ.

Одоогоос 10 жилийн өмнө Рио Тинто нь улс орнуудын засгийн газарт төлсөн татвар, хөрөнгө оруулалтын хэмжээгээ сайн дураар тайлагнадаг уул уурхайн салбарын анхны компани болж байв.

Тэр үеэс хойш нийтдээ $70 тэрбумыг татвар, рояалтид төлсний $52 тэрбум нь тус компанийн хамгийн олон уурхай байдаг Австралийн засгийн газарт оногджээ.

Рио Тинтогийн "Taxes Pair Report" тайлантай танилцах бол энэ холбоосоор нэвтэрнэ үү.

 

Эх сурвалж: BusinessWire