Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Бямбасүрэн: Манай эрүүл мэндийн салбарынхан дэлхийг нөмөрсөн цар тахлын үед ч үүргээ сайн биелүүлж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. ДЭМБ-ын 72 дугаар чуулганаар 2020 оныг сувилагч, эх баригчийн жил болгон зарлажээ.

Дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт нийт 43.5 сая хүн ажиллаж байгаагийн 50 орчим хувь нь буюу 20.7 сая нь сувилагч, эх баригчид байдаг. Мөн ДЭМБ-ын гишүүн орнуудын 50 хувь нь мянган хүн амд ноогдох сувилагч эх баригчийн тоо 3 хүрэхгүй, 25 хувь нь нэг хүрэхгүй гэсэн статистик бий. 

Манай улсын эрүүл мэндийн салбарын 23.4 хувийг сувилагч, 3.5 хувийг бага эмч, 3.5 хувийг эм найруулагч эзэлдэг бөгөөд тэдний 81.9 хувь нь эмэгтэйчүүд аж.

Сүүлийн жилүүдэд сувилагчийн тоо 400-500-гаар, эх баригчийн тоо 40-өөр тус бүр нэмэгдэж буй. Гэсэн ч сувилагчийн тоог хоёр дахин нэмэх хэрэгцээ манай улс гэлтгүй дэлхий нийтэд байсаар байгаа гэдгийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлэв.

"Эх баригч, сувилагчид ямар ч үед гар хумхиж сууж байгаагүй"

Мөн тэрбээр "Дэлхий дахиныг айдаст автуулаад буй COVID-19 халдварын эсрэг үнэлж баршгүй гавьяа байгуулан ажиллаж буй Эрүүл мэндийн салбарын ажилтнууддаа талархал илэрхийлж, Дэлхийн эрүүл мэндийн өдрийг мэнд дэвшүүлье.

Удахгүй болох олон улсын эх баригчдын болон олон улсын сувилагчдын өдрийг бид "Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад сувилагч, эх баригчийн үүрэг" сэдвийн дор тэмдэглэхээр бэлтгэж байна.

Манай эх баригч, сувилагчид ямар ч үед гар хумхиж сууж байгаагүй. Энэ удаа ч дэлхийг нөмөрсөн цар тахлын үед ч хүлээсэн үүргээ сайтар биелүүлэн ажиллаж байна.

Сум, аймаг, хувийн хэвшил гэлтгүй олон арван сувилагчид маань тусгаарлан ажиглалтад байгаа иргэдэд тусламж үзүүлж, халамжит хань, хайртай үр хүүхэд, ар гэрээсээ хол зүтгэсээр байгаад бид талархаж, бас бахархаж сууна.

Түүнчлэн сувилагчдын залуу халаа болох Сувилахуйн сургуулийн 829 оюутан маань 21 аймгийн 109 сумын Эрүүл мэндийн төв болоод нийслэлийн 23 Өрхийн эрүүл мэндийн төвд өөрсдийн хүсэлтээр ажиллаж, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд хүчин зүтгэж, хувь нэмрээ оруулж байна.

Монголын сувилагчдын нийгэмлэгийн гишүүд тус өвчнөөс сэргийлэх зөвлөмжийн иргэдэд түгээж хяналтын цэгүүдэд ажиллаж байгаа юм” гэв.

"COVID-19 халдварын үед эмч, сувилагч нар хувийн хамгаалах хэрэгслээр тэр бүр хангагдаж чадахгүй байна"

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч, доктор Сергей Диордица “Дэлхийн эрүүл мэндийн өдрийг бид өмнө нь өргөн хүрээтэй зохин байгуулан, тэмдэглэж хэвшсэн. Гэвч энэ үед бид зохион байгуулж чадахгүйг та бүхэн ойлгож байгаа.

Өмнөх хоёр жил Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын жилээр энэ өдрийг тэмдэглэсэн. Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үүрэг маш чухал. COVID-19-тэй тэмцэж буй энэ үед ч анхан шатны тусламж үйлчилгээний үүргийн чухлыг бид харж байна.

Сувилагч, эх баригчийн жилийн хүрээнд анх удаа Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэж байна.

COVID-19 халдварын энэ үед эмч, сувилагч нар хувийн хамгаалах хэрэгслээр тэр бүр хангагдаж чадахгүй байна. Гэсэн ч тэд бусдын амийг аврахын төлөө ажилласаар байгаад талархаж байна.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Такеши Касай ч "Сувилагч нар COVID-19-тэй тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллаж, бусдыг халдвар авхуулахгүйн төлөө эцэж, цуцалгүй зүтгэж байгаа"-г онцолсон юм" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/524633115094263/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.