Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бор: 3.2 тэрбумын зардал гаргаж, 15 тэрбум төгрөг зарцуулсан ногоон байгууламжийг устгах нь цагаа олоогүй ажил

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
 
Mpa.mn

Ургамал судлалын эрдэмтэн, иргэд өнөөдөр Д.Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт хүсэлт хүргүүлж, мэдээлэл хийлээ.

"Мод, бут бол нэг жил тарихад ургаад, өвөл нь хөлдчихдөг цэцэг биш"

 
Mpa.mn

Энэ талаар Байгалийн ухааны доктор, профессор Д.Бор "Дэлхийн 200 гаруй улс аймшигт цар тахалд нэрвэгдсэн цаг үед бид амьдарч байна. Ийм үед хонхтой цэцэрлэгт хүрээлэн барина гэдэг цагаа олоогүй ажил. Энэ нь бүтээнэ гэхээс илүү үрж сүйтгэх л ажиллагаа болно.

Бид хотын гудамжиндаа усан оргилуур, боловсон бие засах газартай болохыг эсэргүүцээгүй.

Өнөөдөр бусад орнууд хэрхэн энэ вирусээс амьд үлдэх талаар ярьж байхад манайд 3.2 тэрбум төгрөгийн зардал гаргаж 15 тэрбум төгрөгийн бүтээлийг устгаж, усан оргилуур барих тухай ярьж байгаа нь үнэхээр цагаа олоогүй ажил.

Үүнээс илүү тулгамдаж буй асуудал бидний өмнө олон бий. Тиймээс 20 гаруй эрдэмтэн энэ талаар тайлбарласан бичгээ холбогдох хүмүүст хүргүүлж байгаа юм” хэмээн ярив.

Мөн тэрбээр “Д.Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн өдийг хүртэл 15 тэрбум төгрөгийн өртөг зарсан, 80 жилийн түүхтэй газар бөгөөд тэнд 19 зүйлийн 9,000 мод, бут таригдсан байгаа.

80 жилийн түүхтэй модыг зөөж, өөр газар суулгаад ургуулна гэж байхгүй, бүгд л үхэж үрэгдэнэ гэсэн үг.

Мод, бут гэдэг бол нэг жил тарихад ургаад, өвөл нь хөлдчихдөг цэцэг биш. Нэг мод 100-1,000 жилийн настай, амьтай зүйл.

Бидний амьсгалж буй цэвэр агаарыг үйлдвэрлэж байдаг хамгийн чухал хүчин зүйл бол мод, бут. Ийм үнэтэй зүйлээ устгана гэдэг байж боломгүй зүйл.

Хэрвээ үнэхээр тэнд ямар нэг зүйл барих шаардлагатай бол хойд талынх нь автомашины зогсоолыг усан оргилуур, ногоон байгууламж болгох хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

"Онц байдлыг далимдуулж тендергүй зүйлсэд хөрөнгө зарцуулж байх вий гэсэн хардлага бий"

 
Mpa.mn

"Утааны эсрэг ээжүүд" ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү "Агаарын бохирдлыг бууруулах хамгийн том хүчин зүйл нь ногоон байгууламж. Улаанбаатар хотын төвд байгаа ногоон байгууламжийг буулгах нь агаар цэвэршүүлдэг хүчин зүйлийг нураах үйлдэл хэмээн үзэж бид шүүмжлэлтэй хандаж байна.

Тэр газарт нийт 8,995 мод бий. Сүүлд тэд энэ бүтээн байгуулалтыг хийснээр 130 мод хөндөнө гэж ярьсан. Гэтэл мэргэжилтнүүд тэнд том дэд бүтэц баригдвал эргэн тойрных нь ногоон байгууламжид асар ихээр нөлөөлнө гэдгийг хэлж байна.

Бид төв талбайн урд талын авто зогсоол дээр хойшид барилга барих гээд, түүний урд талыг татвар төлөгчдийн мөнгөөр өнөөдөр дэд бүтцийг нь шийдэх гэж байгаа биш биз гэж хардаж байна.

2016 оноос хойш л бид гэр хорооллын утааг бууруулах шийдлүүд нь төгс биш байгааг ярьж буй. Өнөөдөр гэр хороололд нэг ч ногоон байгууламж, усан оргилуур бариагүй байгаа. Энэ бол шийдэл биш.

Дээрээс нь энэ тахлын үед манайх хөрөнгө мөнгөө энэ мэт үр дүнгүй ажлуудад зарцуулж байгаад бухимдаж байна.

Өнөөдрийн энэ дэлхий нийтийг хамарсан тахлын үед манайд уушги орлуулах аппарат ч байхгүй байхад энэ чигээрээ байсаар байвал бидний өмнө тулгамдсан гол асуудлууд хэзээ ч шийдэгдэхгүй.

Мөн бидэнд коронавирусээс сэргийлэхээр онц байдал тогтоосон үеийг далимдуулж тендергүй олон зүйлд хөрөнгө зарцуулж байх вий гэсэн хардлага бий. Үүнд хариулт хэрэгтэй” гэлээ.

"Дэлхийн жишигт хүрэхүйц зүйл хийж болно. Гэхдээ мод, бутаа битгий устга"

 
Mpa.mn

Хуульч Д.Батсүх "Бид 80 жилийн түүхтэй ургасан цэцэрлэгт хүрээлэнгээс нэг мод тайруулахгүй гэсэн шаардлага хүргүүлж байна.

Хотын дарга дэлхийн жишигт хүрэхээр бие засах газартай больё гэсэн. Орчин үед хоёрхон 00 барихад ямар нэгэн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ хэрэггүй.

Дэлхийн жишигт хүрэхүйц зүйл хийж болно. Гэхдээ байгаа мод, бутаа битгий устга. 3.2 тэрбумыг яг юунд зарах гээд байгаа нь тодорхой бус байна.

Мөн тэр газарт дэд бүтэц, шугам сүлжээ барих ямар ч зураг төсөл байхгүйд итгэлтэй байна.

Хотын дарга өөрөө төв талбай дахь бие засах газрын муухайг харуулж, энэ бүтээн байгуулалтын ажлыг хийх 700 хүнийг цалинжуулмаар байна хэмээн ярьсан. 

Гэтэл тэр цалинжуулах гээд байгаа Хот тохижуулахын 700 ажилчин чинь яагаад өнөөдрийг хүртэл тэр мод, бутыг арчилж болоогүй юм.

Хотын удирдлага яагаад тэр муухай гэж харуулж буй бие засах газраа өдийг хүртэл багахан хөрөнгөөр янзалж болоогүй юм гэдэг нь анхаарал татах зүйл.

Банкны барьцаанд орсон газрыг шүүхээр газрыг хүчингүй болгож, нийслэл өмчдөө авч байгаа нь зөв. Гэхдээ нэгэнт хот эзэмшилдээ авсан бол иргэд, эрдэмтдийнхээ үгийг сонсож, урьд талын цэцэрлэгээ хэвээр үлдээх хэрэгтэй.

Монголд өнөөдөр театр мундаагүй. Байгаа спорт цогцолбороо ч ашиглаж чадахгүй байна.

Үе үеийн Засаг дарга нар өөртөө газар авч, түүндээ зориулж дэд бүтцээ татаж байна. Өнөөдөр төв талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнг 80 жил услаад ирсэн гүний худаг бий. Тэнд дэд бүтэц татаж усан оргилуур хийх ямар ч шаардлага байхгүй" гэв.