Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хөл хорионы дэглэмийг зөрчсөн Шинэ Зеландын эрүүл мэндийн сайд огцрох хүсэлт гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Зүүн гараас Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн, эрүүл мэндийн сайд Дэвид Кларк нар

Шинэ Зеландын эрүүл мэндийн сайд хөл хорионы дэглэмийг зөрчиж, гэр бүлийнхэнтэйгээ хамт далайн эргээр аялсан нь батлагджээ.

Сайд Дэвид Кларк автомашинаар гэрээсээ 20 км зайтай газарт зорчсон нь тус улсад мөрдөгдөж байгаа онц байдлын журмыг илт зөрчсөн хэрэг болсон байна.

Өөрийгөө “тэнэг” гэж буруутгасан сайд өнөөдөр ерөнхий сайд Жасинда Ардернд огцрох хүсэлтээ гаргаж өгчээ. Ерөнхий сайд тахлын үед эрүүл мэндийн сайдаа огцруулах нь зөв алхам биш гэж үзээд оронд нь албан тушаал бууруулах шийдвэр гаргасан байна.

Ингээд Дэвид Кларк сайдын албан тушаалаас дэд сайдын албан тушаалд шилжиж, давхар хашдаг сангийн яамны албан тушаалаа алджээ.

Өнгөрсөн Ням гарагт Шотландын эрүүл мэндийн сайд мөн хөл хорионы дэглэм зөрчиж, зуслангийн байрандаа очсон нь илэрч, албан тушаалаасаа огцорсон юм.

Шинэ Зеланд улс даяар гуравдугаар сарын 25-наас эхлэн бүх нийтийн хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа. Хөл хорионы эхний долоо хоногт сайд Дэвид Кларкийн автомашин жолоодож явааг харуулсан гэрэл зураг хэвлэлд нийтлэгдсэн байна.

Шинэ Зеландчууд хөл хорионы үед гэрээсээ гарах хориотой, зөвхөн хоол хүнс ойрхон дэлгүүрээс худалдаж авах, гэрийнхээ ойролцоо биеийн тамирын дасгал хийхийг зөвшөөрч байгаа.

Тус улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 1,100 гаруй тохиолдол бүртгэгдэж, нэг өвчтөн нас бараад байна.

 

Эх сурвалж: BBC