Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Нүүрсний тээврийн жолооч нарт БНХАУ-д очоод аль болох хооллохгүй, тэнд хонохгүй байхыг үүрэг болгосон"

Г.Номин, iKon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар хилээр нэвтэрч буй тээврийн жолооч нар, тэдний эрүүл мэндэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хилийн боомтууд дээр зорчигчийн хөдөлгөөн харьцангуй буурсан. Зөвхөн тусгай үүргийн онгоцоор ирсэн болон УОК-ын зөвшөөрлөөр иргэдийг татан авч байгаа. Тэгэхээр хөдөлөөнд оролцож байгаа дийлэнх хүмүүс жолооч нар болж байна.

Өчигдрийн мэдээгээр харахад 479 тээврийн хэрэгсэлтэй 500 гаруй жолооч хилээр нэвтэрсний 23 нь газрын тос тээвэрлэн экспортолж буй жолооч байгаа. Мөн Алтанбулаг боомтоор өдөртөө 20 орчим ачааны тийр машин орж ирж байгаа бөгөөд ээлжийн жолоочтойгоо нийлээд 20 гаруй хүн бий. Жолооч нарын хувьд халдвар гарсан улсаас ачаа тээвэрлэж ирж байгаа учраас маш сайн хяналт тавихгүй бол халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа.

Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагууд хамтраад хяналт тавьж байна.

Хамгийн гол асуудал бол жолоочийн эрүүл мэнд. Богино хугацааны тээвэр буюу нүүрсний тээврийн жолооч нарт аль болох кабинаасаа гарахгүй байх, БНХАУ-д очоод хоол идэхгүй байх, мөн тэнд хоноглохгүй байхыг үүрэг болгосон. Хэрвээ халдвар авбал ямар дэглэмээр ажиллах талаар мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөмж өгсөн.

Газрын тосны бүтээгдэхүүний хувьд хилийн дундын бүсэд жолооч машинаа аваачиж үлдээгээд цаанаас Хятадын жолооч ирж машиныг нь авч гарах зохион байгуулалт хийхээр ажиллаж байна" гэдгийг хэллээ.

Импортын ачаа, бараанд ЗӨСҮТ-ийнхөн ариутгал халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байгаа бол жолооч нарын эрүүл мэндэд тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллага хяналт тавьж байгаа ажээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.