Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баатар: Ирэх долоо хоногт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ноолуур хэдэн төгрөг байх талаар бодит үнийг зарлана

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Улс, орнуудын эдийн засагт эрсдэл бий болгоод буй COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор ноолуурын зах зээлийн үнэ унаж эхлээд буй. 

Гэсэн ч энэ жил малчдаас авах ноолуурын үнийг 100 мянгаас бууруулахгүй хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдэгдсэн билээ.

Харин бодит байдал манай улсад ноолуурын үнэ улам буурч, 60 мянган төгрөгөөр худалдаалагдах болсон тухай мэдээлэл тараад байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газраас энэ жил ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөр бууруулахгүй байх зорилт тавьж байгаагаа мэдэгдсэн. Гэтэл бодит байдал дээр ноолуурын үнэ 60 мянгад хүрч буурсан тухай мэдээлэл байна. Энэ тал дээр та ямар тайлбар өгөх вэ?

- Нуулгүй хэлэхэд манайд бол яг одоо ноолуурын үнэ тодорхой болж, тогтоогүй байна. Өөрөөр хэлбэл, манай биржээр ноолуур хараахан арилжаалагдаагүй учраас үнийг шууд хэлэх боломжгүй.

Гэхдээ өмнөх жил 130-140 мянгад хүрч байсан ноолуурын үнэ өнөөдөр гэнэт 60-70 мянган төгрөг болтлоо буурна гэж байхгүй.

Зах зээл дээр ноолуурын эрэлт байсаар байхад зарим нь коронавирусийн халдварыг далимдуулж, ноолуурыг тийм хямд үнээр авч болохгүй. 

Тухайлбал, яг өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар БНХАУ-ын ноолуурын худалдааны биржийн ханшаас харахад Монголын самнасан цайвар ноолуур 750 юанийн үнэтэй байна.

Өөрөөр хэлбэл, самнасан түүхий цайвар ноолуур Хятадын зах зээл дээр дунджаар 150 мянга гаруй төгрөг байна гэсэн үг.

Хэдий манай улсаас самнасан ноолуур авдаг Итали, Англи зэрэг улс хүнд байдалтай байгаа нь үнэн ч манай ноолуурын нэлээд хэсгийг авдаг БНХАУ-ын хувьд эргээд хэвийн байдалдаа орж байна.

Энэ жил манай улс 10.2 мянган тонн ноолуур бэлтгэх төлөвлөгөөтэй. Үүний нэлээд хэсэг нь урд хөрш рүү экспортлогдох бол дотоодын үйлдвэрүүд маань 3,000 тонн орчмыг нь авч бэлтгэнэ гэсэн тооцоо бий.

-Ноолуурын үнэ хэдэн төгрөг байгааг Хөдөө аж ахуйн биржээс жил бүр зарлаж, мэдээлэл өгдөг. Энэ жил нэлээд хүлээлт үүсгээд байна. Яг хэзээ зах зээл дэх ноолуурын үнэ хэд байгаа талаар бодит мэдээлэл өгөхөөр байна вэ?

-Бид аж ахуйн нэгжүүд зээлээ авч эхлэхээр бодит үнийг зарлана.

-Дундаж үнэ нь 100 мянган төгрөгөөс илүү байна гэж ойлгох нь зөв үү?

-Ноолуурын үнэ нь дунджаар 100 мянган төгрөгөөс буухгүй гэж ойлгож болно. Гэхдээ аймаг бүрт харилцан адилгүй гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй.

Зарим хүн бүх төрлийн ноолуур 100 мянган төгрөг байх юм шиг ойлголт өгч байгаа нь буруу. Энэ бол ноолуурын гарц, чанараас хамаарч дунджаар л 100 мянган төгрөг байна гэсэн ойлголт юм.

Мэдээж зүүн гурван аймагт ноолуурын гарц сайн байдаг учраас 100 мянга болон түүнээс дээш төгрөгийн үнэтэй байх боломжтой. Харин баруун аймгуудын тухайд гарц, чанараасаа шалтгаалж түүнээс 5-10 мянган төгрөгөөр үнэ доогуур байх нь мэдээж.

-Ноолуур бага үнэтэй зарагдсан гэдэг нь Хөдөө аж ахуйн биржээс тогтсон үнэ зарлаагүй байхад хямд борлуулсан гэж ойлгох уу?

-Тийм. Үүнд нэг асуудал байгаа нь малчид ноолуураа самнаад л хямд өгчихөөд байна. Магадгүй үнэ зарлахыг хүлээж тэсэлгүй, хэрэгцээ гарахаар нь хямд борлуулаад байгаа байх.

Коронавирусийн нөлөөгөөр банкууд хэрэглээний зээлийг хойшлуулж байгаа. Үүний зэрэгцээ малчдын зээлийг ч хойшлуулах асуудал сүүлд яригдсан.

Энэ чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өнөөдрөөс эхлэн ажиллаж байна.

Бид холбогдох банкны удирдлагууд руу албан хүсэлт илгээн энэ асуудлыг удахгүй шийднэ.

-Дотоодын аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээл авч эхлэхээр ноолуурын үнийг зарлана гэж та хэллээ. Яг хэзээнээс тэд зээл авах нөхцөл нь бүрдэх юм бэ?

-Засгийн газрын хувьд ноолуурын үнийг дунджаар 100 мянган төгрөгөөс бууруулахгүй гэсэн зорилт тавьсан.

Энэ хүрээнд дотоодын үйлдвэрүүдийн 3,000 тонн ноолуурыг бэлтгэхэд шаардлагатай 300 тэрбум төгрөгийг онцгой хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу гурван хувийн хүүтэйгээр Хөгжлийн банк үйлдвэрүүдэд олгохоор шийдвэрлэсэн.

Уг нь Хөгжлийн банкны зээлийн хүү 12 хувь байдаг. Харин гурван хувийн хүүтэй зээл олгохоор үлдсэн есөн хувийн хүүг төсвөөс гаргана гэсэн үг болж байгаа юм.

Зээлийн хүүгийн зөрүү олгохтой холбоотой гэрээг ХХААХҮЯ болон Хөгжлийн банк, арилжааны банк хооронд өнөөдөр хийж дуусаж байна.

Коронавирусийн халдвартай холбоотойгоор үүссэн хүнд байдлыг давахын тулд бид аль аль талаасаа сэтгэл гаргах ёстой. Зээл авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүд энэ долоо хоногийн сүүлээр зээл авч эхэлнэ.

Тэгэхээр Хөдөө аж ахуйн биржээс ирэх долоо хоногийн эхээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ноолуур хэдэн төгрөг байх талаар бодит үнийг зарлана

Тэр болтол зүүн гурван аймгийн малчид ноолуурын үнээ 100 мянган төгрөгөөс буухгүй гэсэн ойлголттойгоор зарахгүй байх хэрэгтэй.

-Зээл авсныхаа дараа аж ахуйн нэгжүүд ямар зохион байгуулалттайгаар малчдаас ноолуур худалдаж авах вэ?

- Зээл авсан аж ахуйн нэгжүүд тухайн арилжааны банктайгаа харилцаж, хэзээ, аль суманд очихоо тохироод малчдаас шууд ноолуураа авах боломжтой.

Гэхдээ ноолуур зарсан мөнгө нь тухайн сумын Хөдөө аж ахуйн тасгийн баталгаажуулалт дээр үндэслэж, малчдын дансанд орох юм.

-Дөрөвдүгээр сарын эхээр ноолуурын дуудлага худалдааг аймаг, сумдаар зохион байгуулна гэж байсан. Энэ дуудлага худалдаа аль аймаг, сумаас, хэзээ эхлэх вэ?

-Хэсэгчилсэн онцгой байдал зарласантай холбоотойгоор энэ сард төлөвлөж байсан ноолуурын дуудлага худалдаа цуцлагдаж, нэг сараар хойшилсон.

Хэрвээ дөрөвдүгээр сарын 30-наас хорио цээр тавигдчихвал тавдугаар сард баруун аймгуудаас дуудлага худалдааг эхлүүлж, өрсөлдөөн бий болгоно. Тухайн үед коронавирусийн тархалт ямар болсноос хамаарч гаднын компаниуд оролцох байх.

Манай дотоодын үйлдвэрүүдэд энэ жил хэд хэдэн боломж бий болж байгаа. 

Тухайлбал, зүүн аймгуудын гарц сайтай ноолуурыг өрсөж авах болон стратегийн гол түүхий эд болох ноолуурыг авахад Монголын компаниуд хоорондоо өрсөлдөх боломж бий болж байна.

Өмнөх жилүүдийн жишээнээс харахад гарц сайтай ноолуурыг Хятад компаниуд түрүүлээд авчихдаг тохиолдол элбэг байсан.

Мөн энэ гурван хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлд зөвхөн ноолуурын үйлдвэртэй аж ахуйн нэгжүүд хамаарахгүй. Түүхий эд бэлтгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд ч энэ зээлд хамрагдаад, авсан ноолуураа угаан, экспортлох боломж бий.

-Зээл авах хүсэлтээ илэрхийлсэн хэчнээн аж ахуйн нэгж байгаа бол?

-Одоогоор хэлэх боломжгүй. Энэ тоо бодлогын гэрээгээр тодорхой болно.

-Тэгвэл малчид хэр хэмжээний ноолуур борлуулах захиалга өгсөн бэ?

-Ноолуур өгөх малчдын захиалгыг бид гуравдугаар сарын 15-наас эхлэн авсан. Одоогийн байдлаар зүүн болон төвийн аймгуудаас 300 гаруй тонн ноолуур борлуулна гэсэн захиалга ирээд байна. 

Бодлогын гэрээнд зааснаар тухайн аймгаас ноолуур авах хүсэлтэй аж ахуйн нэгжтэй захиалга өгсөн малчдыг холбож өгөх юм.

-Ноолуур хадгалах хугацаа тодорхой байдаггүй. Гэхдээ ноолуураа бэлтгэсний дараа удаан хадгалахад чанарт нь нөлөөлөх үү?

-Нөлөөлөхгүй. Тэр ч байтугай өнгөрсөн жилийн ноолууртайгаа ч байдаг хүмүүс бий. Малчид бэлэн болсон ноолуураа энэ сардаа багтаагаад борлуулна гэж тооцсон байхад зарагдаж л таарна.

Төр засгийн шийдвэр гарсан л бол хэрэгжихийг түр хүлээж байх хэрэгтэй. Дунд нь явуулга хийж, хямд үнээр авах сонирхолтой хүн олон байна. Тиймээс буруу мэдээлэлд автаж болохгүй.