Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

МАН, АН, МАХН-ын мөрийн хөтөлбөрийг зөрчилтэй гэж үзжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны дотор нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлж, хянуулах тухай заасан байдаг. Энэ дагуу нийт 15 нам, дөрвөн эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлжээ. 

ҮАГ-аас дээрх 19 мөрийн хөтөлбөрийг хянаад дөрвөн эвсэл, найман намын нийт 12 мөрийн хөтөлбөрт тав хоногийн дотор зөрчлийг арилгах дүгнэлтийг хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, эрх баригч Монгол Ардын Нам, сөрөг хүчин Ардчилсан Нам болон бусад нам эвслүүдийн мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй ажээ. 

Харин Зон олны нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Дэлхийн монголчуудын нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орон нам, Ард түмний олонхийн засаглал нам, Ард түмний намын мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзжээ. 

ҮАГ нь нам, эвслээс ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах чиглэлийн хүрээнд дүгнэлт гарган 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр хуульд заасан байдаг. 

  1. Улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон заалт байгаа эсэхийг хянах;
  2. Мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх;
  3. Мөрийн хөтөлбөрт орсон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэхийг тус тус хянаж дүгнэлт гаргана.

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тухай дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгуулж, дахин дүгнэлт гаргахаар заасан.